“Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр нээгдлээ

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 26 -нд

Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр өнөөдөр нээлтээ хийлээ. Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрөгч 8 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосноос хойш өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын 90 гаруй мянган хүн эзэн Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн түүхийн музейд зочлон монгол төрийн түүх, хэл соёлын нандин уламжлалтай танилцжээ.

Энэ үйл ажиллагааг улам боловсронгуй болгох үүднээс Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл болгосны дагуу Төрийн ордны ёслол хүндэтгэлийн цогцолборт “Монгол үндэстэн” бэлэг, дурсгалын дэлгүүр өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Төрийн ордны “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүрийг нээж Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирал Д.Нямжав хэлсэн үгэндээ тус дэлгүүрийг байгуулахдаа Төрийн ордны эрхэмсэг байдал, нэр хүнд, хүндэтгэлийг харгалзахын зэрэгцээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, монгол гар урчуудын бүтээлийг сурталчлан нийтийн хүртээл болгох, улмаар хувийн хэвшлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэл барьсан хэмээлээ. Ийм ч учраас тус дэлгүүрт үндэсний түүх, соёлыг харуулсан баримал урладаг “БХЦХ” ХХК, үндэсний хэв шинж шингээсэн эрхэмсэг дүр төрхтэй, хээнцэр дэгжин хүүхэлдэй, цамын баг урладаг “Монголын хүүхэлдэйн зураачдын холбоо”, арьсан урлал, сийлбэр, малын гүзээ, сархинагаар бүтээгдэхүүн хийдэг “Терамитат” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллага гэрээгээр ажиллах юм. Салбарынхаа хэмжээнд тэргүүлэгч, олон жилийн туршлагатай, бүтээгдэхүүн нь гадаад, дотоодын зах зээлээс чанарын медаль хүртэж байсныг харгалзан эдгээр компанийг сонгожээ.

Төрөө дээдэлдэг манай ард түмэн Төрийн түүхийн музейгээр зочлоод гарахдаа үндэсний өв соёлынхоо илэрхийлэл болгон нандигнан хадгалах бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломж ийнхүү бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.