Их дуулгаас хоёр хүрэл хүртлээ

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 02 -нд

Өчигдөр Токиогийн “Их дуулга”-аас Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр сүүлийн өдөр ОУХМ Б.Тэмүүлэн хүрэл медалийн эзэн боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн -78 ба +78 кг-ын жингийн барилдаанууд болж буй. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн, +100 кг-д Б.Төгөлдөр, Ф.Мөнхсүх, эмэгтэйчүүдийн -78 кг-д М.Ууганжаргал нар хүч үзлээ.

Б.Тэмүүлэнгийн тухайд -100 кг-д “С” хэсэгт сугалаа таарчээ. Ингээд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Дайки Танийг вазари үнэлгээгээр, улмаар Германы бөх Дино Пфайферийг юүко үнэлгээгээр ялж, медалийн болзол хангасан. Улмаар медалийн өнгөө хувиргахаар Японы тамирчин Дайсүкэ Кобаяашитай барилдаж, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн эзэн боллоо.

Өнөөдөр Токиогийн татамид барилдсан Монголын бусад жүдочдын хувьд Б.Төгөлдөр эхний тойрогт хийлж, улмаар Бразилийн Рафаэл Силвад ялагдсан бол Ф.Мөнхсүх эхний тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Сослан Бостановт дийлдсэн байна. Харин -78 кг-д М.Ууганжаргал эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт дэвжээний эзэн орны тамирчин Рүика Сатод ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Ийнхүү Монголын жүдочид Токиогийн “Их дуулга”-д 10 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна