Бөхчүүд сагсаар өрсөлдөв

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 03 -нд

Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начин, аймгийн арслангууд 11-р сарын 29-30-ны өдрийг Бөхийн өргөөнд бус Спортын төв ордонд өнгөрөөлөө. Учир нь "Мөнгөн цагариг" клубээс зохион байгуулдаг бөхчүүдийн дундахь сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн зургаадахь жилдээ болсон нь энэ юм. Энэ удаагийн тэмцээнд аймгийн арслангаас дээш цолтой бөхчүүд оролцсоноороо онцлог болсон. Тэмцээнд улсын аварга  С.Мөнхбат  ахлагчтай "Увснуур", арслан Д.Мөнх-Эрдэнэ ахлагчтай "Бөхбилэгт", арслан До.Ганхуяг ахлагчтай "Их Монголын хүчтэн", арслан Д.Азжаргал ахлагчтай "Булганхангайн хүчтэн", гарьд М.Баяржавхлан ахлагчтай "Завхан", гарьд Н.Ганбаатар ахлагчтай "Хантайшир", заан Д.Амгаланбаатар ахлагчтай "Дүнжингарав", харцага Л.Пүрэвжав ахлагчтай Дундговь, Орхоныхон, харцага Т.Амартүвшин ахлагчтай "Ховд", начин Ж.Чулуунбат ахлагчтай "Ихбогд"дэвжээний нийт 10 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглов. Тэмцээний аваргааар До.Ганхуяг арслангаар ахлуулсан Өвөрхангай аймгийн баг түрүүлж, Азаа арслангаар ахлуулсан Булган аймгийн баг хоёрдугаар байрт шалгарлаа. Тэргүүн багаар тодорсон Их Монголынхон улсын заан Б.Сайнбаяр, улсын харцага Т.Санчир,  улсын начин Л.Наранбаатар, Д.Батбаяр, Б.Сангисүрэн, аймгийн арслан Д.Батдорж, Ц.Жамсран, Ж.Наранбаатар нараар багаа бүрдүүлсэн байсан юм.

Эх сурвалж: undesniibukh.mn/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна