ММСУХ энэ сарын 16-нд шилдгүүдээ тодруулна

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 06 -нд

Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын манлай есөн уяач, Монгол улсын манлай есөн унаач хүүхэд, Монгол улсын манлай есөн азарга, Монгол улсын манлай есөн их морьд гэх номинациудаар шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо,шилдэг ивээн тэтгэгчид, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн ийнхүү тодруулдаг юм.  Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар “Тод магнай” сэтгүүлийн хамт олон шалгарч байсан билээ. Энэ удаад арванхоёрдугаар сарын 16-нд ММСУХ шилдгүүдээ тодруулах бөгөөд  тус холбооны дээд шагнал “Молор-Эрдэнэ “,  “Алтан морь”-ны эзэд бас тодрох юм. Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонгоор шагнадаг уламжлалтай. Одоогоор  энэ одонгоор Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр, “Ажнай” кропорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нар шагнагдаад байгаа юм.  Харин “Алтан морь”-ны тухайд Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгодог билээ. Одоогоор  “Алтан морь”-ны эздээр  “Мон уран”-ы Б.Наранхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн нар  тодроод байгаа юм. Ийнхүү шинэ он хаалга тогших мөчид ММСУХ-ны энэ оны шилдгүүд тодрох ажээ. 
П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна