Шигшээ багаа байгуулъя

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 07 -нд

Одоо шигшээ багаа байгуулъя. Тамирчид нь талаар нэг тарж, спорт ийм удаан эзэнгүйдэж болмооргүй байна.
Сахил хүртээд шал дордов гэгчээр спортын гэсэн тодотголтой яамтай болсон биш энэ салбарын ажил урагшлахдаа удаан болсон шиг байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж бий. Энэ газар дээр Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах журмыг боловсруулж байгаа гэх боловч өнөөдрийг хүртэл түүний харьяанд байх Спорт бэлтгэлийн төв болон спорт холбоодод чиглэл ирээгүй байна.
Тэр журам хэзээ “боловсорч”, Монголын спортынхны амралт хэзээ дуусах вэ, Д.Жаргалсайхан дарга аа. Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хамт олон та бүхний удаан  гэгч “нухаж” буй Шигшээ багийн сонгон шалгаруулалтын журмыг бүх холбоод, бүх тамирчид тэвчээртэй хүлээж байна.
Монголын олимпийн боксын холбоо Удирдах зөвлөлөө хуралдуулж, 2016 оны олимпийн наадам хүртэл холбооныхоо үйл ажиллагааг зангидах баг бүрэлдэхүүнээ сонгочихлоо. Жүдочид дараагийн олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнээд оролцоод эхэлчихлээ. Чөлөөт бөхийнхөн өнөө, маргаашгүй улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийх гэж байна. Дэлхий тэр чигээрээ дараагийн олимпод бэлтгэж эхлээд байна.
Шинэ яам, шинэ газар, шинэ төв байгуулагдсан болохоор ажлаа эмхэлж цэгцлэх хугацаа байгаа л байх. Гэхдээ та бүхний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Монгол Улсын Үндэсний шигшээ багийг байгуулах явдал гэдгийг битгий мартаарай.
Д.БОЛД


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна