Сүхбаатарын шилдэг сурагчид А.Мөнхбатын гарын бэлгийг авдаг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 25 -нд

СТА, дуучин А.Мөнхбат нь Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүүхэд. Бага байхын л морь малтай ойр өссөн хөдөөгийн эгэл боргил хөвгүүдийн нэгэн түүний аав, өвөө, өвөөгийн ах нар бүгд л нутаг орондоо айраг түрүү алддаггүй олон сайхан хурдуудтай айлууд гэдэг юм билээ. Тэднийхэн нэг жил сумынхаа наадмын хоёр түрүүг авч бас өвөөгийн ах нь барилдаж түрүүлж байсан тухай А.Мөнхбат бахдан ярих дуртай. Түүний бага нас хурдан морь, хүчит бөх, дуу хуур цалгисан орчинд өнгөрсөн болохоор барилдчихна,  морь уячихна, дуулчихна гээд л “есөн шидтэй” нэгэн. Морины тухай олон хитийн эзэн тэрээр нийгмийн салбарт ч өөрийн хувь нэмрийг оруулахыг  чухалчилдаг. Дуучин Мөнхбат одоогоос зургаан жилийн өмнөөс эхлэн Сүхбаатарын хүүхэд багачуудаас урлагийн салбарт тэргүүлсэн нэг сурагчийг шинэ жилийн өмнө тодруулан гарын бэлэг, өргөмжлөл гардуулдаг уламжлалтай болжээ. Сүхбаатар аймгийн хүүхдийн төлөө газартай хамтран оны шилдгийг шалгаруулдаг  бөгөөд энэ жил Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Отгонмөнх шалгарсан ажээ. Нэмж сонирхуулахад  өнгөрсөн таван жилийн хугацаанд  таван хүүхэд Мөнхбатын гарын бэлгийг хүлээн аваад байгаа юм. Үүнээс өдгөө гурав нь СУИС-д суралцдаг аж. Асгат сумаас шалгарсан морин хуурч Хатанболд, Онгон сумын Д.Анхмаа, Баруун-Уртын М.Батчимэг нар өдгөө СУИС-д сурцгааж байна. 

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна