Хүүхэд насны галт тэргээр аялагч

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 08 -нд

...Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол... гээд дууны мөртүүд Цагаандалай сэтгүүлчийн энэхүү фотоноос харагдах мэт. Түүний бэлтгэн хүргэдэг “Адуучин” нэвтрүүлгээр нь хот хөдөөгийн морины хорхойтнууд анддаггүй юм билээ. Түүхч мэргэжилтэй сэтгүүлч Цагаандалай хүүхэд байхын л адуунд хорхойтой нэгэн явсан гэж байгаа. Анх дунд сургуулийн зургаадугаар ангийн  хүү санаандгүй морь уясан нь айрагдаж, өдгөө ч санах тоолонд сайхан дурсамжийг сэдрээж байдаг гэнэ. “Аав, ээж хоёр нэгдлийн малтай. Бага дүү гуравдугаар анги. Аав хэд хоног сум руу эмчилгээ хийлгэхээр явсан юм. Морь уях болчихдог аав ирдэггүй. Тэгж байтал аав замын хүнээр “Хүрэн морио барьчих, шарга морио өөрөө мэднэ биз” гэж хэлүүлж. Бөөн баяр. Манайтай айл Мухарчулуун гэж хурдан морьтой сайн уяач ойрхон байлаа. Хүүхэд юугаа мэдэх вэ өвгөнийг дагаад л уяагаа тааруулна. Хөгшчүүд “Хүүхдүүд азтай юм. Энэ хоёр морь их зөв онгойчихлоо” гээд л ярьж байсан санагдана. Тэгээд сумд хоёр насны морь маань хоёулаа айрагдсан. Аз гэх үү дээ. Морьд ч сайн байсан” хэмээн ярьсан  нь бий. Ийнхүү  хүүхэд насны хоббиндоо хөтлөгдөн моринд шимтэх болсон тэрээр бас мөсөн шагайн харваанд ч хоосонгүй. Тэрээр харвааны үеэр өвлийн хүйтнийг ажралгүй хүүхэд насаа дурсан тэвэг өшиглөж байгаа нь  энэ ажээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна