“Дүнжингаравын хурд-2013” уралдааны бүртгэл 3 сарын 2-нд дуусна

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 28 -нд

Монгол улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 40-р тогтоолоор ММСУХ  уламжлал болсон “Дүнжингаравын хурд 2013” хаврын бүсийн уралдаанаа ирэх сарын 3-нд Хүй долоон худгийн Цагаан хөтөлд  зохион байгуулахаар болжээ. Энэ тухайгаа уралдааныг зохион байгуулах комиссын дарга н.Мөнхбаясгалан, тус уралдааныг зохион байгуулах нарийн бичгийн дарга н.Болдбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.  Уралдах морьдыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл бүртгэх бөгөөд эрлийз морьдыг ялгаж уралдуулах бол цэвэр цусны болон импортын морьдыг эрлийз морьдын уралдаанд уралдуулахгүй аж. Морьдын үүлдэр угсааг гараанаас гарахад тодорхойлох ба айргийн тавд ирсэн морьдын үүлдэр угсааг дахин  шалгаж нягтлах ажээ. Уралдааны замд  хүүхэдгүй морийг барьж авч  дахин хүүхэд мордуулсан тохиолдолд шууд хасна. Гарааны төхөөрөмж рүү бусдыг уриалж, тарлаж уралдсан морь тавиач болон унаач хүүхдийн унаж уралдсан морийг хасч, дараагийн уралдаанд оролцуулахгүй болохыг тэд энэ хурлаараа уяач, унаачдад анхааруулсан юм.
2012 оны тавдугаар сарын 12-нд ММСУХ-ны дэргэд хурдан морь унаач хүүхдийн улсын зөвлөл байгуулагдаж, тэргүүн, тэргүүлэгч гишүүдээ сонгож байсан билээ. Энэ зөвлөлийн гишүүд нь спортын мастер, спортын дэд мастер цолтой унаачид байдаг юм. Энэ удаад унаач хүүхдүүдийг “Практикал” даатгалд хамруулах юм байна.  Хурдан морь унаач хүүхдийн даатгалыг ММСУХ 100 хувь хариуцаж байгаа бөгөөд даатгал нэг жилийн хугацаанд хүчинтэй байх гэнэ. Төгсгөлд нь нэмж дуулгахад “Дүнжингарав 2013” хаврын төвийн бүсийн  хурдан морины уралдаан энэ ням гарагийн 7 цаг 30 минутаас эрлийз ангиллын дээд насны морьдын уралдаанаар эхлэх  бол 16,30 минутад түрүүлж айрагдсан морьдыг цоллож, бай шагналыг гардуулснаар өндөрлөнө.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна