Гурван настай уяач

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Хүн болох багасаа хүлэг болох унаганаасаа гэсэн ардын үг бий. Хөдөөний хүүхдүүд  бага наснаасаа л хүлгийн зоон дээр дарцаглаж өссөн байдаг. Гэхдээ  тэдний сонирхол өөр өөр. “Агт эрдэнэ” галын уяач Буянтогтох гэх залууг мэдэхгүй хүн морь сонирхогчдын дунд байхгүй л болов уу.  Буянтоо уг нь хотын хүүхэд. Гэвч тэрбээр багаасаа адуу гэхээр нүд нь сэргээд ирдэг нэгэн байж. Адуунд дуртай болохоор юм бол хөдөө явчихдаг байсан гэнэ. Тэрбээр МУ-ын Манлай уяач Оюунбилэг агсанг дагаж адууны хийморьтой амьдралаа холбосон хүн. Нэгдүгээр ангид байхдаа хурдан морь унана гээд түүн дээр очсон юм гэнэ лээ. Гэхдээ тэр үед Буянтоо хурдан морь битгий хэл унаа морь ч унаж үзээгүй хүүхэд байжээ. Оюунбилэг Манлай нэгэнт айлын хүүхэд аваад ирсэн юм чинь сургаад дараа жил унуулахаар болж байтал  түүний  хүү мориноосоо унаж, Буянтоогоор унуулахаас өөр аргагүй болсон аж. Тийнхүү анх удаа хурдан хүлгийн нуруун дээр гарч  эхний сунгаанд түрүүлчихсэн аж. Түүнээс  хойш жил бүрийн зуны амралтаараа ирж морь унадаг болжээ. Яваандаа моринд хүнддээд Манлайн  туслах  уяач хийдэг болсон. Тэгж явсаар дунд сургуулиа төгсөх болохоор нь “За одоо ч сургууль соёл гээд ирэхгүй биз дээ” гэж Оюунбилэг Манлай бодож байтал эмээлээ барьчихсан мотоциклийн ард сундалчихсан хүрээд ирсэн гэдэг. Тэр цагаас хойш Буянтоо Манлай уяачийн шавь болсон аж. Одоо тэрбээр багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж галынхаа морьдыг уяж яваа билээ. Эхнэр хоёр хүүхэдтэй. Дээрх  түүхийг ийнхүү сөхсөн нь учиртай. Залуу уяач Буянтоогийн гурван настай хүү аавынхаа дэргэдээс салдаггүй нэгэн. Өвлийн хүйтэнд ч, зуны халуунд аавыгаа даган хурдны уян дээр морины ажил хийж өнждөг гэнэ.  Тус галын уяачид тэрхүү бяцхан хүүг малд нүдтэйг нь гайхдаг юм билээ. Хэдий нас бага ч адуунд үнэн сэтгэлээсээ хорхойтой болсон тэрбээр аавынхаа шийрийг хатаасан сайн уяач болох нь хэмээн мэдэх хүмүүс нь “оношлоод” байгаа. Агтны тоосон дунд өсч, аавынхаа эрдмийг өвлөж нутгийнхаа нэрийг гаргасан сайн уяач болохыг хүсэн ерөөе.

А.Гал

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна