Ерөнхийлөгч онгоц хөлөглөн Хэнтийд очжээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 26 -нд

2009 онд төрийнхөө баяр наадамд тоосоо өргөн хурсан олныг баярлуулж, жилийн дараа зодог тайлсан Амгалан төрийн ажнай шарга  өдгөө Хэнтий аймагт бий. Монгол төрийнхөө наадамд зургаантаа түрүүлсэн шаргыг уяхгүй байгаа бөгөөд жилдээ 20-иод гүү хураалгадаг гэнэ. Түүнийг Архангай аймгийн Ихтамир сумын уугуул залуу уяач Э.Дашчийрэвийн аав аймгийн Алдарт уяач малладаг бөгөөд тусгай хамгаалалтанд байдаг ажээ. Морины хорхойтнуудын хувьд домог болсон алдарт шарга азаргыг ойроос харж, патиараа татуулах гэсэн хүсэл олон хүнд төрдөг бизээ. Ямартаа л төрийн тэргүүн Элбэгдоржийн шарга азаргатай авахуулсан зургийг харчихаад зарим нэг нь цагаахан атаархал цээжиндээ тээж байхав. Бүүр болоогүй Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ өдрүүдэд шарга азаргаар гоёлоо хэмээн  таамаг дэвшүүлж, хариулт эрэх нь ч байх ажээ. Саяхан 50 насны босгыг алхсан Элбэгээ ерөнхийлөгч харин “морь унахад гайхалтай мэдрэмж төрдөг. Амгалан төрийн ажнай шаргыг унахад бүр илүү. Морь эвшээхэд Монгол хүн их бэлгэшээдэг. Адууны захад очиход шарга өөрөө ирдэг. Унаад буухад эвшээдэг" хэмээн төрсөн өдрөөрөө жиргээд авсан. Юутай ч Хэнтий хүртэл онгоц хөлөглөн газрын холыг түүртэлгүй, дээл бүсэн гоёлоо базаан замд гарсан нь ийнхүү фото зургийн хальснаа тамгалагдлаа. 


П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна