Моринд дуртай ээжүүд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 27 -нд

Энэ цагийн шилдэг уяач нарын тоонд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ, “Макс”-ийн ах дүү Тод манлай Цэрэнжигмэд, Ганбаатар, Тод манлай А.Батсүх нарыг нэрлэж болно. Гэр бүлийн гишүүдээс нэг нь моринд орвол бусад нь урваж орхидог тухай мориныхон ярьдаг. Тэгвэл эдгээр эрхмүүдийн ээж нар хөвгүүдээсээ дутахааргүй морины хорхойтнууд юм.

 Мон-Ураны Б.Наранхүүгийн ээж гавьяаныхаа амралтанд гарсан ч морины уралдааныг бол алгасна гэж бараг үгүй гэсэн. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрдэг хэмээн хүүхдүүддээ захьж, сургадаг буурал багш  морины тоосонд орж хийморио сэргээх дуртай нэгэн.

“Алтай констракшн”-ы захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа бол хүүхэд байхын л мориор “өвчилсөг” нэгэн. Удмын хурдан морины тоосонд хийморь сүлдээ даатгасан улс, эднийхэн. Түүний аав Х.Төмөржаа нутаг орондоо нэртэй, цуутай уяач байсан гэдэг. Тиймдээ ч Цэрмаагийн бага нас хурдан морины нуруун дээр өнгөрч улмаар ажил амьдралынх нь салшгүй хэсэг болсоор өдийг хүрчээ. Сүүлд гэхэд могой жилийн өнгө тольдох томоохон наадмын нэг Дүнжингаравын хаврын бүсийн уралдаанд тунчиг одтой наадсан хүүгийнхээ баярыг хуваалцан сэтгэл өндөр байгаагаа дуулгасан юм.

Харин “Макс”-ийнхан бол тэр чигээрээ морины хоббитой улс. Д.Цэрэнжигмэд захирлын ээж, аав уяач удамтай улс. Аав А.Дагвадорж нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Харин ээж З.Цэрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээлийнх. Дагвадорж гуайн аавын аав морь сайн уядаг нутаг орондоо нэртэй нэгэн байсан бол эхнэрийнх нь аав ч ялгаагүй морь уядаг, хоёр хурдан ногоон морьтой байж. Тэр хоёр нь Ар, Өвөрхангайн олон ч наадамд түрүүлж, даншиг наадмуудын айргийг алддаггүй байсан гэлцдэг. Тиймдээ “удмын уяачид даа бид” хэмээн Максийн ах дүүс ярих дуртай. Морины хүүхдүүдийнхээ сайн сайхныг дааж явдаг Максийн “өндөр ээжийг” мориныхон бол андахгүй. 

Сар шинийн босгон дээр Тод манлай уяач нарын тоог нэмсэн аатай эр бол А.Батсүх юм. Бөхийн хорхойтнууд тэднийхнийг Далай аварга Сүхбатаар андахгүй. Тэртээ цагт Богд уулын энгэрээр нутагтай хонгор голцуу адуутай Наваан хээ лам гэж байсан нь Батсүхийн ээжийн өвөө гэдэг. Улмаар охиноо нөхөрт гарахад ламтан өөрийн эмгэн хүрэн гүүний удмыг бэлэглэж, өдий хүртэл үр хүүхдүүд нь одтой наадаж явна. Тод манлайн аав барилдахын хажуугаар адуунд их эрэмгий, сайн уургалдаг, эмнэг булгиулдаг нэгэн байсан аж. Харин Алтангэрэл буурай “би ямар бөх, морь шинжиж мэдэх биш. Батсүх хүү маань моринд жигтэйхэн дуртай юм. Морь уяад л байх юм. Яахав чадаж байгаагаас хойш уяж л байг” хэмээн хүүгээ хөгжөөн дэмжсээр  морины  хорхойтой нэгэн болчихсон гэдэг юм билээ.

П.Ундраа
    
 
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна