Тод манлайн цорын ганц

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 02 -нд

Монгол улсын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх өөрт нь зориулсан Монголд цорын ганц хөөргөөр гангардаг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэ-Энх Тод манлайд энэхүү цагаан шүрэн хөөргийг зориулан хийж, сар шинээр бэлэг барьсан аж. Толгойдоо хийморийн морьтой, хоёр хажуу нь Монгол улсын сайн малчин, Монгол улсын Тод манлай уяач хэмээн монгол бичгээр товойлгон бичсэн  байх ажээ. Харин  нүүрэн талд нь Тод манлайн алдарт хурдан хүлгэд болох халзан азарга, хар морийг  товойлгон урласан нь өөрийн эрхгүй олныг дуу алдахад хүргэх юм билээ. Энд сонирхуулахад түүний хар морь анхны “Их хурд”-аас эхлээд тавантаа тоосоо өргөж, хурдалсан  ажнай гэдгээр морины хорхойтнууд анддаггүй. Улс бүсийн наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдсан хар морь нь 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн даншиг наадамд аман хүзүүдэж, соёолондоо төрийнхөө их баяр наадамд  түрүүлж, алтан жолоогоо өргүүлж байсан билээ. Харин 2002 онд АХ-ын 81 жилийн ойгоор айргийн дөрөв, 2003 онд "Говьшанхын хурд 2" говийн бүсийн уралдаанд айргийн гурваар хурдалсан бол 2008 онд төрийн тахилгатай Алтан-Овооны даншиг наадамд аман хүзүүнд тус тус хурдалж байлаа. Хар морь 21 нас хүртлээ уралдаж, 2012 онд 22 насандаа өөд болсон юм. Харин Тод манлайн халзан азарга улс бүсийн наадамд 4 удаа айрагдсан. Үүнд: 2008 онд Алтан-Овооны төрийн их тахилга наадамд айргийн дөрвөөр хурдлан, Булган аймгийн 70 жилийн ойгоор энэ амжилтаа дахин бататгасан юм. Үүнээс жилийн дараа буюу 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар Баянхонгор аймагт болсон Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд дахин аман хүзүүдэж байлаа. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна