Д.Цэлхээ Алдартын нандин дурсгал

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 04 -нд

Монгол төрийнхөө наадмыг дөрвөн үеэрээ чимсэн удмынхан бол Д.Цэлхээ Алдартынхан юм. Түүний аав Ё.Довууч, өвөө Жураа Ёндон нар ар халхын нэртэй уяачид явсан гэдэг. Өдгөө Цэлхээгийн хүү аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэн уяач өвгөдийнхөө үйл хэргийг өвлөн, үргэлжүүлж яваа билээ. Тэрээр Их монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд хүрэн азарга аман хүзүүнд хурдлуулж, дөрвөн үеэрээ улсын наадмын хишиг хүртсэн ховорхон амжилтын эзэд болсон юм. Түүний аав Цэлхээ Алдарт өвөө Жураа Ёндонгийнхоо уясан Хулгар хээрийн унаач хүү явжээ. Одоогоос 79 жилийн өмнө буюу АХ-ын 35 жилийн ойгоор Хулгар хээр айргийн таваар хурдлан Ёндон уяачийн томоохон наамдын өм нээгдэж байсан түүхтэй. Түүнээс хойш олонтаа аман хүзүүнд хурдалж байлаа. Энэ тухайгаа унаач хүү явсан Цэлхээ “их дэлтэй учраас хурдалж байхдаа хөхөл нь нүүр ороолгон урд замаа харахад хэцүү байдагсан” хэмээн дурссан нь бий. Ийнхүү хүүхэд насны хамгийн жаргалтай мөчүүдийн нэгээхэн хэсэг болон үлдсэн Хулгар хээр, унаач хүүгийн  дурсгал болгож тэрээр хээр адууныхаа толгойг нандигнан хадгалдаг. Өдгөө 80 хол гарсан ч хурдан морь гэхээр  хөл газар хүрэхгүй догдлох Цэлхээ Алдартын нандин дурсгалын нэг нь яах аргагүй л алдарт “Хулгар хээр” нь  байх аж.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна