“Макс” угшлын адууны дуудлага худалдаа болно

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 08 -нд

Уралдаан зогсож, уяачид, унаачид амсхийх цагаар ах дүү Тод манлайгууд нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Хурдан морины уяа сойлго тааруулах болсоор 20-иод жилийн нүүрийг үзэж байгаа ах дүүс өөрсдийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон Макс угшлын шинэ монгол адуу буюу эрлийз үрээ байдаснуудаа дуудлага худалдаанд оруулан хурд хуваахаар шийджээ. Энэхүү арга хэмжээнд зөвхөн Макс угшлын шинэ монгол адуунаас гадна ах дүү хоёрын нэртэй улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан хурдан азаргануудын үр төлүүд мөн дуудагдах аж.  Д.Ганбаатар Тод манлайн улс бүсийн наадмын нэг түрүү, таван айргийн эзэн Сарт хүрэн гурван түрүү, нэг айргийн эзэн Босоо хээр, нэг түрүүн эзэн Жигүүр хул болон Д.Цэрэнжигмэд Тод манлайн улс бүсийн наадмын гурван түрүү, хоёр айргийн эзэн Асгат саарал, хоёр түрүү, зургаан айргийн эзэн Сөнгө зээрд, нэг түрүү нэг айргийн эзэн Зандан хүрэн  зэрэг хурдан азаргануудын үр төл уг дуудлага худалдаанд оролцох гэнэ. Хурдан морь сонирхогч та бүхэн халхад алдар цуугаа дуудуулсан аварга хүлгэдийн үр төлийг үнэ хаялцан авах боломжтой болж байна. Бид энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

А.Мөнх-Эрдэнэ


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна