Хүүхдийн эрхийг хамгаалах уулзалт зөвлөгөөн болно

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 09 -нд

Ойрын үед хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаар уулзалт зөвлөгөөнийг Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газраас зохион байгуулах гэнэ.  Эртний түүхтэй, үндэсний соёлын нэг хэсэг болсон морины уралдаан үеэр хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдол гарч байгаа. Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хурдны мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн  хүүхдийн тоо  зөвхөн 2009 оны эхний 9 сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ.  Нийт эмчлүүлсэн  хүүхдийн 85,4 хувь нь эрэгтэй, 14,6 хүүхэд нь эмэгтэй, хамгийн том нь 18, бага нь 4 настай байжээ.  Өвчний оношийг эзлэх хувиар нь жагсаавал мөр ба бугалганы  хугарал 34,2, шууны яс хугарал 19,6, гавал доторх бэртэл 11,4, гавал ба нүүрний ясны хугарал 8,86, шилбэний ясны хугарал 7,59, дунд чөмөгний хугарал 7,59, бусад гэмтэл 10,76 хувийг эзэлдэг байна. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд 2 хүүхэд нас барсан гэсэн баримт бий. Мөн тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж байгаа эсэх нь олны анхаарлыг татдаг.  Энэ дагуу Хүүхэд хамгаалал үйлчилгээний газраас хурдан морь унаж уралддаг 80 шахуу хүүхэдтэй уулзаж, хэлэлцүүлэг явуулж,  дүгнэлт гаргаад байгаагаа ийнхүү уулзалт зөвлөгөөнөөр хэлэлцэх ажээ.

А.Мөнх 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна