Тод манлай шаггүй "пиарчин"

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 10 -нд

Хагас мянган адуун дундуур ороод гарахдаа хаана нь ямар “эрдэмтэй”  хүлэг морьд байгааг шинжээд гардаг лут уяачид цөөнгүй тухай мориныхон ярьдаг. Тэдний нэгийг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын гавьяат малчин, Тод манлай уяач, ХХ зууны их хүлэгч Д.Ононг хэмээн дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тиймдээ ч моринд орж байгаа шинэ залуу уяачид хурдан морь шинжих талаар зөвлөгөө авах гэж түүнийг зорих нь олонтаа. Саяхан Максийн ах дүү Тод манлай нар санаачлан хурдан морины дуудлага худалдааг зохион байгуулсан билээ. Энэ  дуудлага худалдааны адуунуудыг сэтгүүлч Цагаандалай танилцуулсан  юм. Харин Тод манлай Онон өөрийн унаган адуу болох хусран даагатай гүүгээ өөрөө танилцуулсан билээ. Тэрээр  “хаврын цагт адууг харахад туранхай байгаа ч хаврын хариг, өвлийн хатууг давж эцэж ядарс¬наас өвчин биш. Харин ч тарга нимгэнтэй байгаа цагт дотор яс, таван цулыг нь шинжихэд амархан байдаг” хэмээн туршлага хуваалцсан. Мөн өөрийн даагатай гүүнийхээ удам угшлыг танилцуулаад “анхны дуудах үнэ 15 сая төгрөг. Энэ бол өнөө цагт Сүхбаатарт жижигхэн овооны наадамд түрүүлсэн адууны үнэ байгаа юм” хэмээн “рекламдсан” юм. Ингээд 15-аас эхэлсэн үнэ 20 саяд хүрч Борнуурын залуу уяач Энхтайван өөрийн болгосон билээ. Ийнхүү Тод манлайн 20 саяд хүрч энэ удаагийн дуудлага худалдааны хамгийн үнэтэй адуугаар тодроод авсан.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна