Тод манлай, Манлайгууд хурдан хүлгэдээ төрийн торгон сүрэгт бэлэглэлээ

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 05 -нд

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Э.Эрдэнэчулуун, А.Батсүх, Манлай уяач Д.Одгэрэл, Б.Мөнхтөр, Б.Бат-Өлзий, ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнай нарын морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа энэ цагийн өнгийг тодорхойлж буй эрхмүүд нэгдээд байгаа гэнэ. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжин эдгээр уяачид төрийнхөө торгон сүрэгт өөрсдийн хурдан удмын адуунаасаа хандивлахаар болжээ. Зургаадугаар сарын 3-нд  Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн Хардал жанжин бэйс Пүрэвжавын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн тэд Төрийн торгон сүргийг адгуулан малладаг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь зэвсэгт хүчний 232-р ангид хүрэлцэн ирцгээсэн юм. Энэ үеэр бид тэдний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү: Бидний өвөг дээдэс хүлэг сайн морьтойгоо Монгол төрийг үүсгэн байгуулсан. Тэр утгаараа  хүлэг сайн морьдоо монголчууд дээдлэн хүндэлж ирсэн билээ. Тиймдээ монгол төрийнхөө их баяр наадмаар 9 хөлт цагаан тугаа 9 шарга мориороо төв цэнгэлдэхдээ залдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан төрийн түмэн сүргийн тухай санал санаачлагыг бидний хэсэг уяачид дэмжиж, өнгөрсөн оны 11 сард хоорондоо ярилцаж, санаа бодлоо хуваалцгаасан. Түүнээс хойш хэдэн сар өнгөрсөн байна. Энэ удаад бид түмэн сүрэгтээ өөрсдийн адуу малнаасаа хандивлахыг хүссэн юм. Миний хувьд өндөр төрийнхөө их сүрэгт нэг азарга хандивлаж байгаа. Босоо бичиг шигээ босоо заяатай, Монгол эр хүний хийморь мөнхөд өөдөө байх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлмээр байна.
Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун: Төрийн маань 9 хөлт  цагаан сүлдийг залдаг 9 шарга адуун дээрээ ирээд байгаадаа баяртай байна. Энэ бол наадмын өмнө тохиож байгаа бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал юм. Би төрийн адуу болох шарга азаргаа улсынхаа наадамд олон удаа түрүүлгэж, айрагдуулсны хувьд бүгээн, цагаан зүсэнд их дуртай. Монголчууд бид цагаан өнгийг ихэд бэлгэшээдэг шүү дээ. Сайн сайхан бүхнийг  цагаан сүүгээрээ, цагаан өнгөөр бэлгэддэг улс. Энэ дашрамд зэвсэгт хүчний 232-р ангийн хамт олны цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсч байна. Ерөнхийлөгчийн санаачилсан төрийн торгон сүрэг улам арвижих болтугай. Адуу бол тэнгэрийн хиймортой амьтан. Нөгөө талаараа эр цэрэг арми гэдэг бас хийморь. Тэр чигээрээ эх орны сүр сүлд болсон улс шүү дээ.
Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөр: Төрийн их сүрэгт өөрийн хувь нэмрийг оруулан оролцож байгаадаа баяртай байна. Санаа нийлсэн бидний найман уяачид энэ тухай саналаа нэгтгэн Ерөнхийлөгчид бараалхсан юм. Энэ удаад бид  салхийг нь хагалан торгон сүрэгтээ адуугаа бэлэглэхээр болж байна. Энэ бол зөвхөн бид бүгдийн биш монгол улсын адуу юм шүү дээ. Миний хувьд найман адуу бэлэглэж байгаа бөгөөд өдөр судар харж байгаад авчирч өгнө дөө.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна