Төрийн торгон сүргийн адуучин Т.Бат-Оргил: Сарын томилолттой, 9 шаргаа туугаад наадмын бэлтгэлдээ гардаг

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 09 -нд

“Тод магнай” сэтгүүлийн хамт олон санаачлан БХЯ, спортын сэтгүүлчидтэй хамтран Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь зэвсэгт хүчний 232-р ангид очоод ирсэн билээ. 1992 оноос хойш 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэн тахидаг болсон ба тэр цагаас эхлэн төрийн торгон сүргийг бий болгож, адгуулан маллаж эхэлсэн түүхтэй. Өдгөө төрийн торгон сүргийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний ангид маллаж байгаа  юм. Эдгээр адууг тус ангийн алба хаагчдаас гадна хоёр адуучин төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэгч шарга морьдыг хариуцан ажилладаг юм билээ. Бид энэхүү аяллын үеэрээ төрийн торгон сүргийг малладаг, адуучин Т.Бат-Оргилтой цөөн хором уулзлаа. Би ч ярих хэлэхдээ маруухан хүн дээ хэмээн цааргалах тэрээр энэ хариултыг өгсөн юм.
-Хэзээнээс төрийн торгон сүргийг маллаж байна вэ?
-Миний хувьд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумандаа мал маллаад 10 гаруй жил болж байна. Багаасаа л хүлэг сайн морьдын тоосон дунд өссөн би өнөөдөр төрийн 9 хөлт цагаан тугийг залдаг шарга морьдыг хариуцан маллаж байгаадаа баяртай явдаг. Энэ бол бахархал. Нөгөө талаараа их хариуцлагатай ажил л даа. Наамдын өглөө 9 хөлт цагаан тугийг залаад явж байгаа морьдоо харахаар өөрийн эрхгүй сэтгэл огшиж баяр бахдал төрдөг юм.
-Багаасаа адуу маллаж байна гэлээ. Морь уядаг уу?
-Тэгэлгүй яахав. Сүхбаатар болон Дэлгэрхаан сумынхаа унаган адуунуудаар нааддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өндөр хариуцлагатай алба хашиж байгаа болохоор уяаны ажилдаа анхаарал хандуулж чадахгүй л байна. Тэрнээс сумандаа гурав дөрвөн айраг түрүүтэй. Гэхдээ би чинь сарын томилолт аваад энэ хэдтэйгээ замдаа удахгүй гарна. Хотод очоод хүндэт харуулын  32-р анги дээр наадмын бэлтгэлдээ гардаг юм.  Хотын их нүргээн, цэнгэлдэхэд хурсан олны дуу чимээнд дасгах, ёсолж сургах гээд  ажил их бий. Үндсэндээ сар гаруй хугацааны бэлтгэл хийдэг.
-Төрийн торгон сүрэгт хэчнээн тооны адуу байдаг юм бэ?
-70 гаруй адуу бий. Мэдээж энэ дунд чинь хөл гаргүй болох, эндэх гээд асуудал  хааяа гардаг болохоор “нөөцтэй” байх ёстой юм. Эдгээр адууг унаж эдлээд байхгүй л дээ. Тааваараа л байгаа нь энэ.
-Хамгийн сүүлд хаанаас шарга адуу авчирсан байна вэ?
-Адуу нэмж авчрах, шилж сонгох ажлыг дарга нар маань л хийдэг юм. Мэдээж бид нар саналаа хэлнэ. Хамгийн сүүлд уржнан Дорнодоос зургаан шарга морь авчирсан. Одоо байгаа адуунууд маань бүгд 14-өөс доош насныхан байна.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна