Баяр наадмын тухай хуулийн төслийг өргөн барив

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 27 -нд

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. УИХ-ын гишүүн, Тод манлай уяач Г.Батхүү,УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд нарын санаачлан өргөн барьсан  дээрх хуулийн төсөлд хэд хэдэн бодлогын чанартай өөрчлөлтүүдийг тусгаад байгаа юм. Жишээлбэл хурдан морины уралдаан зохион байгуулах хугацааг жил бүрийн 5-р сарын 1-нээс 11-р сарын 1-ний хооронд хэмээн тогтоож буй бол Засгийн газрын тогтоолт бүсийн уралдааны амжилтаар уяачдад цол, чимэг олгодог тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааны амжилтыг тооцож байхаар тусгажээ. Харин орон нутгийн чанартай хэргэм дээр сумын Манлай, аймгийн Манлай гэх шинэ цолыг бий болгохоор болсон байна.
 Түүнчлэн үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад Засгийн газар болон зохион байгуулах хороо, Үндэсний спортын холбоод, бөх, уяач, харваач, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хариуцлагыг хуульчлахаар тусгасан байна.
Хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах тухайд даага, шүдлэн, хязаалан насны морьдыг долоогоос дээш, харин соёолон, азарга, их насны морьдыг есөөс дээш насны хүүхдээр унуулахаар хуульчилжээ. Ингэхдээ унаач хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, тухайн хурдан морины эзэн, уяач хамтран хариуцаж, гэнэтийн ослын даатгалд даатгуулах, тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй байх, үүдэн гарах  хариуцлагыг хүлээх тогтолцоог мөн тусгасан гэнэ. Хуулийн төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй ярилцлагыг ирэх долоо хоногт хүргэх болно.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна