Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Монгол морь-3000” баярын бэлтгэл хангагдаж байна

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 02 -нд

Монгол улсад адууны яам байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд  “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины  уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон монголчуудын их жагсаалыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  ивээл дор  2013 оны 8-р сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хот,  Хүй долоон худагт  зохион байгуулахаар Дэлхийн Гиннесийн холбооноос  зөвшөөрлийг авч, шүүгчдыг урин  бэлтгэл ажилдаа ороод байна.

Монголын үндэсний  их өв соёл, Монголын хурдан морины уралдаан түүнийг тойрсон монголчуудын язгуур их өв соёл,  түүхийг дэлхий нийтэд сурталчилан таниулах, гайхамшигт Монгол адуугаа дэлхий даяар зарлан тунхаглах, Монгол уяачийн эрдэм ухаан, өхөөрдөм хөөрхөн, баатарлаг Монгол уралдаанч хүүхдүүдийнхээ  эр зориг авхаалж самбаа, дэлхийд ганцхан нүүдэлчдийн их өв соёлыг хүн төрөлхтөний дээд амжилт Гиннест бүртгүүлж, Монгол хэмээх гайхамшигт нэр алдараа дэлхийн түүхэнд мөнхжүүлэн үлдээхийн төлөө Монголчууд бид хотол олноороо хамтран энэхүү уралдаан, их жагсаалыг зохион байгуулж байна.  

“Монгол морь-3000”  Монголын үндэсний хурдан морины  уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон түмний их жагсаалд оролцох  нь Монгол хүн бүрийн нэр төрийн эрхэм үйл хэрэг бөгөөд Монгол улсынхаа нэр хүндийг дэлхий дахинаа өргөж, Морьтон Монголчууд дэлхийн дээд амжилтыг эзэмших болно.

 Энэ үйл ажиллагааг  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, ивээлдээ зохион байгуулж буй нь төр  ард түмнийг холбосон их амжилт, их түүхийн гүүр болж байна. 

 Дэлхийн талыг Монгол мориороо туулсан Морьтон Монголчууд дэлхийн дээд  амжилтыг эвдэж, эзэмшигч болох ёстойг цаг хугацаа, эцэг өвгөдийн аугаа их соёл, түүх өнөөгийн биднээс шаардаж байгааг  онцлон дурдах нь зүйтэй.
 
“Монгол морь-3000” дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10.000 Морьтоны Монголчуудын  их жагсаалд Монголын Морин Спорт,Уяачдын Холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж  оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

6-н гараанаас тус тусдаа  6-н бүсэд хувиарлагдан гарч  уралдах морьдын уралдааны зам, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, Монгол хүний эр зориг, цог золбоог  дэлхий дахинаа харуулсан уралдаан, жагсаал болно гэдэгт Монголын Морин Спорт, Уяачдын  Холбоо бүрэн итгэлтэй байна.
Төв, Хангай, Говь, Зүүн, Баруун, Улаанбаатарын бүсэд хувааж  6-н гараа буюу  бүс тус бүрээс түрүү, айргийг шалгаруулж, мөн нийт уралдсан 3000 мориноос түрүүлж, айрагдсан морьдыг шалгаруулж, алтан медаль, дэлхийн дээд амжилтын батламж, мөнгөн шагналаар шагнана. Уралдсан бүх 3000 уяач, уралдаанч хүүхдүүдэд  ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дурсгалын алтан медаль дурсгана.

Хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяач болон уралдаанч хүүхдүүдэд түрүү, айргийн алт, мөнгө, хүрэл медалийг дахин давтагдахгүй загвараар урлан бүтээж шагнах болно.

10.000 Морьтон Монголчуудын их жагсаалын өмнө  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд нар  сүргийн манлай удамт хурдан хүлгээ унан төрийн их тугаа залан мандуулж явна.

Мөн 10.000 Морьтоны Монголчуудын их жагсаалд аймгийн засаг дарга, уяачдын холбооны тэргүүн нар аймгийнхаа тугийг залж, өөрийн аймгийг манлайлж оролцох юм.

 10.000 Морьтоны Монголчуудын их жагсаалд оролцсон бүх хүмүүст ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дэлхийн дээд амжилтын батламж үнэмлэхийг олгоно. 
Эртний их домог түүхтэй Хүй мандалын буурал дэвжээн  дээрээ,  Монголын их хээр тал нутагт тархан амьдарч буй бүх Монголчууд нэгэн зорилгын дор хуран цуглаж, учран золгохын өлзийтөй ерөөлийг өргөн тавья.
                            
                              Эмээлт хүлэг тань үүрсэж
                              Эх орон тань таныг дуудаж байна
                              Эзэн Чингис минь омогшиж
                              Эрийн хийморь таныг дуудаж байна
                             
                              Сонсохтүн, Дагахтүн, Бишрэхтүн
   17-р жарны “Тийн ялгуулсан” хэмээгч Усан могой жилийн Намрын тэргүүн цагаан бичин
                                               сарын улаагчин хонь өдөр


                                Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна