Найм давж гурван удаа үзүүрлэбэл Арслан цол олгоно

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 05 -нд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Б.Батэрдэнэ “Хуучин тогтолцооны үед үзэмжээр цол олгож байсан. Дүйцүүлэн цол олгох байдлаар хуульчилах гэж байна. Арслан, аварга цолонд дүйцүүлэн цол олгож буй хэрнээ бусад давааг орхиж байгаа нь буруу. Ер нь дүйцүүлэн олгохыг судалгаагаар олонхи эсэргүүцдэг юм байна. Угтаа бол Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол УИХ дээр биш мэргэжлийнх нь холбоонд нь эрхийг нь өгөх байдлаар хуульчилж болдоггүй юм уу” гэв.

Ингээд хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалт явуулж олонхийн саналаар төслийг батлахаар боллоо.

А.Мөнх 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна