Монгол Жоки Клубын нэрэмжит уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 08 -нд

Монголын цэвэр цусны адууны эздийн холбооны дэргэдэх Монгол Жоки Клубээс цэвэр цусны болон эрлийз адуунуудын уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион явууллаа. Энэхүү уралдаан нь шүдлэн, хязаалан гэсэн 2 насны ангиллаар 6 км-ын зайд зохиогдсон бөгөөд цэвэр цусны болон эрлийз адуунууд хүйс харгалзахгүй уралдсан юм.Тус клуб нь энэхүү уралдааныг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор уралдааны хураамжаас гадна 24 сая төгрөгийн шагналыг өөрсдөө гарган нэмж байлсан байна. Мөн уралдааны журам ёсоор бүх унаач хүүхдэд Герман улсад үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцас, хэрэглэл олгосон бөгөөд NTV телевиз, Төв аймгийн Эмнэлэг, Хан-Уул дүүргийн цагдаагийн газартай хамтран ажилласан юм. Энэ уралдааны хязаалан насанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор хязаалан түрүү магнайд хурдаллаа. Бор хязаалан нь англи-будённый эцэгтэй, монгол эхтэй юм байна. Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Н.Даш-Өлзийн монгол азарга, англи гүүний төл хонгор хязаалан хурдалжээ. Айргийн гуравт Ховд аймгийн Алтай сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Ц.Гантөмөрийн англи-будённый эцэгтэй, монгол эхтэй хээр үрээ хурдалсан байна.Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Л.Алтанхуягийн халиун алаг хязаалан, айргийн тавд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны хээр үрээ тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа. Энэ 2 адуу нь мөн л англи-будённый эцэгтэй, монгол эхтэй ажээ.

Шүдлэнгийн уралдаан онц сонирхолтой болж, тархины хэдэн үрээ маш ширүүн уралдаснаас Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул А.Ариунсайханы хээр үрээ түрүү магнайд хурдаллаа. А.Ариунсайхан уяачийн зээрд үрээ Монгол Жоки Клубын анхны уралдаанд түрүүлж, улмаар Улсын наадмын эрлийз дунд насны ангилалд түрүүлж байв.Аман хүзүүнд Төв аймгийн Зуунмод сумын харъяат С.Жаргалсайханы хээр, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы цавьдар, дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ц.Пүрэвсүрэнгийн сартай зээрд, тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК-ийн ТУЗ- ийн дарга Л.Ариунболдын халтар үрээ тус тус хурдаллаа. Эдгээрээс Х.Цогтсайханы цавьдар үрээ араб эцэгтэй, монгол гүүний төл бол бусад нь англи-будённый цустай I үеийн эрлийз адуунууд байв.Х.Цогтсайханы цавьдар үрээ хэдхэн хоногийн өмнө болсон Ирээдүйн түмэн хурд 2013 уралдааны шүдлэн насанд түрүүлсэн бол Л.Ариунболдын халтар үрээ Ирээдүйн түмэн хурд 2012 уралдаанд түрүүлж, 2012 оны улсын наадамд аман хүзүүнд хурдалж байв.

Эх сурвалж:www.mongoljockeyclub.com

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна