Монгол адууг эрлийзээс ялгах зөвлөмж гарчээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 08 -нд

Үндэсний их баяр наадам, “Их хурд” болон Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаа бүсийн болон аймгийн наадамд уралдах монгол морьдыг эрлийз морьдоос ялгах зөвлөмжийг Монголын морин спорт уяачдын холбооноос гаргажээ. Дээрх уралдаануудад уралдах монгол морьдыг эрлийз адуунаас ялгах асуудлыг газар дээр нь судлах ажлын хэсгийн 2013 оны тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар уг зөвлөмжийг гаргасан байна. Энэ жил монгол адууг эрлийз адуунаас ялгахдаа сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгохоос гадна биеийн ерөнхий галбир, сүүлний өтгөн шингэн, урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа зэргийг харгалзан үзэж ялгах ажээ. Мөн сэрвээний өндрийн хувьд азарга, соёолон 140, их нас 141 сантиметр байх бол бага гурван насны сэрвээний өндрийг өмнөх жилүүдээс тус бүр 2 сантиметрээр нэмэгдэж хязаалан 137, шүдлэн 132, даага 127 сантиметр болсон байна. Үүнээс гадна энэхүү тогтоосон хэмжээнд хүрэхгүй боловч бие галбирын хувьд эрлийз гэдэг нь мэдэгдэж байвал улс, бүсийн чанартай уралдаанд уралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Т.ДАРХАН     

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна