Л.Цагаандалай уйлсаны учир

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 26 -нд

Түүнийг “Адуучин” нэвтрүүлгээр нь хот хөдөөгийн морины хорхойтнууд анддаггүй юм билээ. Түүхч мэргэжилтэй сэтгүүлч Цагаандалай хүүхэд байхын л адуунд хорхойтой нэгэн явсан гэж байгаа. Анх дунд сургуулийн зургаадугаар ангийн  хүү санаандгүй морь уясан нь айрагдаж, өдгөө ч санах тоолонд сайхан дурсамжийг сэдрээж байдаг гэнэ. “Аав, ээж хоёр нэгдлийн малтай. Бага дүү гуравдугаар анги. Аав хэд хоног сум руу эмчилгээ хийлгэхээр явсан юм. Морь уях болчихдог аав ирдэггүй. Тэгж байтал аав замын хүнээр “Хүрэн морио барьчих, шарга морио өөрөө мэднэ биз” гэж хэлүүлж. Бөөн баяр. Манайтай айл Мухарчулуун гэж хурдан морьтой сайн уяач ойрхон байлаа. Хүүхэд юугаа мэдэх вэ өвгөнийг дагаад л уяагаа тааруулна. Хөгшчүүд “Хүүхдүүд азтай юм. Энэ хоёр морь их зөв онгойчихлоо” гээд л ярьж байсан санагдана. Тэгээд сумд хоёр насны морь маань хоёулаа айрагдсан. Аз гэх үү дээ. Морьд ч сайн байсан” хэмээн ярьсан  нь бий. Ийнхүү багын л морины хоббитой нэгэн явсан сэтгүүлч “Дэлхийг тамгалсан Чингэсийн монгол”-оороо үзэгчид олондоо бэлэг барихаар завгүй ажиллаж байгаа билээ. Их  ажлынхаа хажуугаар мориныхны зохион байгуулсан аливаа арга хэмжээг бас хөтөлнө. Түүнчлэн ямар нэг уралдааны үеэр түүнийг унаач хүүхдүүдтэй “найзалчихсан” явааг нь олонтаа харж болно. Саяхан болсон “Их хурд 6”-гийн хөтлөгчөөр ажилласан тэрээр газар газрын шигшмэл хурдан хүлгүүдийн нуруун дээр салхи татуулан давхих, золбоолог унаач хөвгүүдийг хараад бахархахдаа нулимс унагаад авчээ. Ямартаа л Хархорины дэнжид цугласан наадамчин олонд “хүүхдээ багаас нь морь унуулж сургаарай. Хятад мотоцикль унуулав” хэмээн аминчлан захисан ажээ.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна