Баяр наадмын шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 31 -нд

Зүлэг ногоон дэнж дээр асар майхан дэрвэж, баярын гоёлоо өмссөн олон бэлгэшээлт сайхан бүхнийг хэлэлцэн, хүлэг морьдын янцгаан үүрсэх чимээтэй зэрэгцэн гийнгоон дуу хадсан монгол наадам. Эр бяр нь тэгширсэн хөрслөг бор бөхчүүдийн уран гоё барилдаан, эгшээж тавьсан сумны шунгинах чимээтэй харваачдын уухайн түрлэг энэ бол дэлхийд ганцхан монгол наадам билээ. Африкийн шугуй, Атлантын далай, хөгшин Европ, хөгжилтэй Америкт биш  эх сайхан Монгол орондоо бид ингэж нааддаг юм. Тиймдээ ч
...Адууны үнэртэй дугараа нь айргийн сүүн дээр хүлээнэ
Арван цагаантай эмээл нь нүдний гижигэн дээр хүлээнэ
Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ
Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээдэгиймаа. Ийнхүү  хүсэн хүлээсэн Хүннү гүрэн байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ мөчид бид "Тод магнай" сэтгүүлийнхээ уламжлалт баяр наадмын дугаарыг  уншигч танаа илгээж байна. Наадамчин олныг Хүй долоон худагийн дэнжид уясан эр хүний хийморийн бэлгэдэл соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ширнинбандийн Адьшаагийн хонгор соёолон түрүү магнайд хурдалсан юм. Уясан уяач, унаган эзэн, уугуул нутаг, унасан хүүхдийнхээ алдрыг цуурайтуулан түрүү магнайд хурдалсан хонгор соёолон шүдлэндээ  дөрвөн их түүхт ой давхцсан 2011 оны төрийн их баяр наадамд түрүүлэн түмэн эхээ дуудуулж байсан бол энэ удаад  аргагүй хурдан буян болохоо дахин харуулсан нь энэ байлаа. Тиймдээ баяр наадмын дугаарынхаа зочны хойморт  аймгийн Алдарт уяач Ш.Адьшааг урьсан юм. Тэрээр "2008 онд улсын наадамд аймгийнхаа нэрийг гаргана гэж ам гараад моринд орсон" тухайгаа хуучилж, хурдан хурц хүлгэдийнхээ амжилтаас сонирхууллаа.  Цувралаар хүргэдэг баярын дугаартаа энэ удаад дээд гурван насны уралдаанд  уясан морьдоо түрүүлгэж айрагдуулсан хийморилог уяачид, унаачдын сэтгэгдлийг  хүргэж байна. Мөн "Хүлгэд" булангаараа төрийн их баяр наадмын өндөр довд эхний 10-т хурдалсан хурдан буянгуудын фото зургийг, амжилтын хамтаар багтаасан байгаа билээ. Уламжлалт "Монгол бардамнал" буланд баяр наадмын бөхийн барилдаан болоод сурынхны сонин сайхнаас багтаасан бол Монгол улсын Гавьяат малчин С.Батааг баярын дугаарын хүндтэй эрхмүүдийн нэгээр онцолсон юм. Энэ мэт сонин сайхнаар дүүрэн дугаарыг маань "Тод магнай"-г сонгосон та үргэлжлүүлэн шимтэн уншина бизээ. "Тод магнай"-н шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин борлуулах цэгээс мөн редакцийн 9509-2992 дугаарын утсанд холбогдож аваарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна