Гавьяатуудын шавь нар цахиур хагалж байна

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 02 -нд

Энэ жилийн баяр наадмаар хурдан мориныхон дунд Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн шавь нар  цахиур хагалаад байгаа бол сурын талбайд Монгол улсын Гавьяат тамирчин Ш.Даваахүү мэргэний гарын шавь нар тун ч одтой наадацгаасан юм. Гавьяат мэргэнээр сурын спортын шангаа татуулж байсан  шавь нар нь болох Хошой мэргэн Х.Отгонбаяр,  мэргэн Ц.Баасанхүү, спортын мастер Н.Өлзийхутаг, Ш.Даваасүрэн, эмэгтэй харваачдаас Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, спортын мастер Э.Заяа нар АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын эхний 10 байраас зургааг нь авчээ. Тэгвэл Д.Ононгийн гэрт тоглож өссөн  нэгэн үеийн залуус болох нийслэлийн Алдарт уяач Т.Ихбаяр, О.Батбилэг, Батаа нарын уяж сойсон хурдан хүлгүүд айраг түрүүнд хурдлан наадамчин олныг баярлуулаад байгаа билээ. Ихбаяр уяач АХ-ын 92 жилийн ойн баяр наадмаар их насанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Бөөрөнхийн Амарбаясгалангийн хүрэн халзанг айрагдуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Цэндийн Энхтайваны хонгор халзанг аман хүзүүнд, соёолонд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Г.Батсайхан сархан зээрдийг наймаар хурдлуулсанаар үргэлжлэв. Тэгвэл “Их хурд 6”-д түүний уяж сойсон Ц.Энхтайваны хонгор халзан айргийн гурваар, Б.Амарбаясгалангийн хүрэн халзан айргийн дөрвөөр тус тус хурдлуулаад байгаа билээ. Харин Тод манлайн хүү О.Батбилэг  аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын шарга үрээг хязаалан насанд түрүүлгэж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Д.Сугарын цагаан хулыг айргийн таваар хурдлуулаад байсан юм. Энэ амжилтаа Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн уралдаанд үргэлжлүүлээд байна.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна