Б.Баярсайхан Алдарт хурдан хар азаргандаа дуутай болжээ

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 05 -нд

Дуу хуурын өлгий нутаг Дундговийнхон хурдан морины уяа сойлго тааруулан, хурд ирлэх уяачид олонтой. Эдний нэг нь аймгийн Алдарт уяач Б.Баярсайхан түүний хүү Б.Лхагва-Очир нар байгаа юм.  Анх аймгийн Алдарт уяач Бирозанаас Баярсайханы аав моринд дуртай ач хүүдээ хар азаргаар бэлэг барьсан нь ийнхүү моринд орохын эхлэл байсан тухайгаа Алдарт ийнхүү хуучилсан удаатай.  “Хүү маань багадаа сумын наадамд ахынхаа уясан морийг унаж уралдаж, би тэр уралдааныг нь дагаж үзэж байлаа. Тэгэхэд монгол эр хүнийхээ генд байдаг юм уу сэтгэл үнэхээр их догдолж , хурдан морьтой болохсон гэж бодсон. Тэгсэн миний аав Банди ач хүүдээ аймгийн Алдарт уяач Бирозана багшаас хар азарга худалдан авч  бэлэглэсэн юм. Энэ нь моринд дуртай хүү бид хоёрын хувьд моринд орохын эхлэл байлаа. Хар азаргаа “Говьшанхын хурд 1” анхны бүсийн уралдаанд наймаар хурдлуулчихаад түрүүлснээс ялгаагүй магнай хагартлаа баярлаж билээ. Энэ нь надад урам зориг нэмж, хоёргүй сэтгэлээр моринд орсон юм даа” хэмээдэг. Харин өнөөдөр Алдарт  Баярсайхан хар азарганыхаа үр төлөөр тун ч одтой наадаж байгаа билээ. Шанхын наадмаас хоёр түрүү, гурван айраг, “Их мандал”-аас нэг айраг аваад байгаа аав хүү уяачид энэ жил төрийнхөө их баяр наадамд унаган адуугаа  аман хүзүүдүүлэн тун ч одтой наадсан юм. Тэгвэл аав хүү хоёрыг моринд урвуулж орхисон хурдан хар азарга дуутай болжээ. Хурдан хар азарга дууны клипний зураг авалтыг Баярсайхан уяачийн уяан дээр хийсэн ажээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна