Монголын рекордуудын тухай мэдээлжээ

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 20 -нд

Хүлэг морио дээдлэгч хөх Монголын хийморилог хөвгүүд 750 жилийн тэртээ адууны яамыг үүсгэн байгуулж,  шандаст хүлгэдийнхээ туурайгаар дэлхийн дайдыг тамгалж явсан билээ. Энэхүү түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан, хэдхэн хоногийн өмнө дэлхийн адууны баярыг Монгол улсад анх удаа зохион байгуулж, нэгэн зэрэг хоёр дээд амжилт тогтоон Гиннесийн номонд бичигдсэн. Тэрхүү бахдалт үйл явдлын тухай Гиннесийн албан ёсны вэф сайтад мэдээлж, дэлхийн олны орны уншигчид уншиж танилцжээ.
www.guinnessworldrecords.com сайтад 4249 морины уралдааны талаар мэдээлэхдээ: “2013 оны 8-р сарын 10-нд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын зохион байгуулсан уралдаанд 4249 морь уралдлаа. 18 км замыг туулж уралдсан морьдоос 30 нь хасагдаж, тэмцээнээ дуусгаж чадаагүй бөгөөд эхний морь 24 минут 30.42 секунд, хоёр дахь морь 24 минут 30.46 секунд, гурав дахь морь 24 минут 30.54 секунд, дөрөв дэх морь 24 минут 31.23 секунд, тав дахь морь 25 минут 02.36 секунд хурдалсан юм. Мөн уралдаанд оролцогсдын хамгийн залуу нь долоон настай байсан бол хамгийн ахмад нь 79 настай байлаа” хэмээжээ.
Харин морьтны жагсаалын тухай: “2013 оны 8-р сарын 9-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Хүй долоон худаг хэмээх газар дэлхийн хамгийн том морьт жагсаал боллоо. ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын зохион байгуулсан энэхүү жагсаалд 11,125 морьтон оролцсон юм. Монгол улсын 21 аймгаас ирсэн 11,125 морьтонгууд 4 км зам туулсан бөгөөд хамгийн залуу нь хоёр нас найман сартай Гэрэлт-Одын Үүрцайх байсан бол, хамгийн ахмад нь 90 настай Г.Дашчоймбол байсан юм” хэмээжээ.
Та бүхэн: http://www.guinnessworldrecords.com/world-records/1000/largest-horse-parade
http://www.guinnessworldrecords.com/world-records/5000/most-runners-in-a-horse-race
зэрэг холбоосоор орж дээрх мэдээлэлтэй танилцаарай.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна