Алдартын мялаалганд 76 даага уралджээ

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 20 -нд

Сүхбаатар  аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Луузангийн Өлзийбаярын Алдарт цолны мялаалга наадам энэ сарын 12-нд Сүхбаатар сумнаа боллоо. Төрийн наадмын түрүү Холхоон зээрд азарганы эзэн Л.Өлзийбаяр уяач 2012 онд Алдартын тэмдгээ гардан авсан бөгөөд түүний үр хүүхдүүд нь аавынхаа цолыг мялаалга наадмыг нь зохион байгуулжээ. Мялаалганд 76 даага уралдаж, аймгийн начин дөрөв, сумын заан зургаа, сумын начин дөрөв тэргүүтэй 32 бөх барилдан уран мэхийг уралдуулсан байна. Бөхийн барилдаанд сумын заан Дамдинбаатар түрүүлж, аймгийн начин Гантулга үзүүрлэсэн бол дааганы уралдаанд:
1.Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн халзан. /Халзан даага “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүүлж байсан хурдан буян билээ/
2.Баруун-Урт сумын уугуул Лувсандоржийн саарал. /Төрийнхөө их баяр наадамд 19-өөр хурдалжээ/
3.Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Эрдэнэсүхийн хээр./хээр даага “Жавхлант шаргын  хурд уралдаанд айргийн таваар хурдалж байсан юм/
4.Уулбаян сумын уугуул Төмөрмөнхийн зээрд. /Зээрд үрээ Эрдэнэжавхлант уулын тахилгад зургаад хурдалсан./
5.Халзан сумын уугуул Гантулгын хар. /Хар даага сумынхаа наадамд зургаад хурдалж байсан юм. /тус тус хурдалсан юм.
Түрүү даагыг Алдартын ууган хүү Ө.Амгалан гэр бүлийн хамтаар даага, 500,000 төгрөгөөр байлсан бол аман хүзүүний даагыг дунд хүү Ө.Идэрхангайн гэр бүл 500,000 төгрөгөөр, айргийн гурвыг  Ө. Хүдэрхангайн гэр бүл 400,000, айргийн дөрвийг хүү Баттөрийн гэр бүл 300,000 төгрөгөөр, айргийн тавыг охин Орхонтуяан гэр бүл 200,000 төгрөгөөр тус тус мялаажээ. Түүнчлэн 6-10 хооронд хурдалсан хүлгэдийг тус бүр 100,000 төгрөгөөр байлсан байна.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна