Б.Ерөөлт хүрэн халзан мориныхоо мялаалга наадмыг хийлээ

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 02 -нд

Ховд аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ерөөлт сүүлийн үед одтой наадаж байгаа залуу уяачдын нэг билээ. Дааган Цэндээгийн гарын шавь нарын нэг болох тэрээр 2002 оноос моринд идэвхийлэн ороод байгаа бөгөөд энэ хугацаанд гаргасан амжилтаараа аймгийн Алдарт уяачдын эгнээнд багтаж амжсан юм. Тэгвэл энэ жил хүрэн халзан мориныхоо амжилтаар Монгол улсын Алдарт уяачийн болзол хангаад байна. Тэрээр Дүнжингарав 2012, 2013 уралдаанд тус тус түрүү магнай, “Эрдэнэт хурд 2013”, АХ-ын 92 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдааны айргийн гурав, “Их хурд 6” уралдаанд  аман хүзүүнд хурдлаад байгаа халзан мориныхоо мялаалга наадмыг хийлээ. Өнгөрсөн сарын 28-нд болсон энэхүү мялаалга наадмын үеэр хүчит 32 бөх барилдаж, 100 гаруй их насны морьдын уралдаан болсон юм. Бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Мөнгөнбаатар түрүүлж хурсан олныг баярлууллаа.
Харин их насны морьдын уралдаанд дааган Цэндээгийн уяа сойлгыг нь тааруулсан, Дорноговь аймгийн уяач Отгонжаргалын хонгор халзан түрүү магнайд хурдалсан бол аман хүзүүнд мөн түүний зэгэл саарал удаалж, энэ өдрийн хамгийн одтой эрхмийн нэгээр тодорлоо. Тэгвэл айргийн гурваар Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Мөнхболдын бор, дөрөвт Дарьганга сумын уяач Доржхүүгийн хүрэн, тавд Эрдэнэцагаан сумын уяач Батжаргалын хонгор, зургаад Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндбаатарын хонгор тус тус хурдалсан ажээ. Нэмж сонирхуулахад Ерөөлт уяач түрүү морийг суудлын тэргээр, аман хүзүүг мотоциклиор, удаах байруудаа мөнгөн шагналаар тус тус байлсан гэнэ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна