“Монгол наадам цогцолбор” эзэнтэй боллоо

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 04 -нд

Энэ жилийн баяр наадмаар наадамчин олон “өнгөө зассан” Хүйн долоон худагт наадсан билээ. Хүйн долоон худгийг монгол наадмын төв болгохоор 20 га талбайд 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км авто зам шинээр тавиад байгаа билээ. Гэвч “өнөөдөр эдгээр эд хөрөнгийг харж хамгаалах байгууллага байхгүйгээс найман ширхэг цахилгааны шит хулгайд алдагдсан, төв талбайд уралдааны машинаар шарвалт хийж зам талбайг сүйтгэж, явган хүний замаар эвдэрсэн байдалтай байна. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтын ажлыг эзэнжүүлэх, арчлах, хамгаалах, дараагийн арга хэмжээнүүдэд ашиглалтын бэлэн байдлыг хангах үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ–г байгуулах шаардлагатай байгаа” талаар есдүгээр сарын 2-нд болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Ерөнхий менежер танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 25–ны өдрийн А/121 дугаар захирамжийн дагуу одоогоор Хүйн долоон худагт “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний бүс, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, контейнер нойл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд байгаа билээ.  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь Хүйн долоон худагт бэлэн болсон нийтийн зориулалттай орон нутгийн өмчийг олон нийтийн арга хэмжээ, баяр наадам зохион байгуулж, талбай болон эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байна. Нийт 24 хүний бүтэц орон тоотой. Төрийн ёслол, Улсын баяр наадам, Тив улсын чанартай спортын болон сонирхогчдын тэмцээн, уралдаан, спортын төрөл бүрийн арга хэмжээ, Шоу болон цэнгээнт арга хэмжээ, Гадаад болон дотоод худалдаа, Нийтийн амралт, зугаалга, үйлчилгээ зэргийг зохион байгуулан ажиллах ажээ. Ингээд тэргүүлэгчид хэлэлцээд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ 2013 оны 9 сарын 4-ний өдрөөс байгуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна