“Тод магнай” сэтгүүлийн шинэ 47 дахь дугаар гарлаа

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 22 -нд

“Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Монголын хурдан морины салбарын хөгжилд цучил нэмж яваа манай хамт олон  эрхэм та бүхэндээ шинэхэн буланг санал болгож байна. Бид цахим хэлбэрээрээ дамжуулан “Нэг сар - Нэг сэдэв” хэлэлцүүлгийг өрнүүлж буй бөгөөд 11-р сарыг “Монгол адууны үржил селекци, эрлийзжүүлэг” сэдвийн дор адуу судлаачид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцаж байгаа юм. Монголын хурдан морины салбарт тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцэж,  зөв шийдэл гарцыг хайх энэхүү булангийн хүндэт зочдоос 47 дахь сэтгүүлд Гавьяат мал зүйч, профессор, биологийн ШУ-ны доктор Доржийн Больхорлоо, МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэл нарын ярилцлага нийтлэл, нийтлэгдсэн байна. Жаргалантын морин заводод ажиллаж байсан Д.Больхорлоо доктор, монгол адууг тахьтай хэрхэн эвцэлдүүлсэн талаарх болон гарсан үр төлүүд нь хэрхэн хурдалсан тухай сонирхолтой нийтлэлийг санал болгох байна. Мөн энэ хэлэлцүүлгийн хүрээнд Манлай уяач Б.Билэгдэмбэрэл монгол адууны хурдыг сайжруулах тухайд хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцсаныг шимтэн уншаарай. 
Харин 47 дахь дугаарын зочны хойморт Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн тухлан саатаж, “Уяачийн ажлыг би салхи нь баруун хоймортоо яваа хийморилог эрчүүдийн хийдэг зүйл гэж боддог” хэмээгээд цаг үеийн сэдвээр халуун яриа өрнүүлсэн байна. Монгол эр хүний хэмжүүр болсон эрийн гурван наадмын хоёр төрлөөр төрд үнэлэгдсэн энэ хийморилог эрхэм цэц мэргэнээ сорин сурын харваагаар хичээллэхээр шийдсэн гэнэ билээ. Тод манлай  “Уяачийн ёс зүй”-г хэрхэн томъёолсныг “Тод магнай” 47 дахь дугаараас уншиж болох юм.
Мэдээллийн өргөн агууламж бүхий сэтгүүлийн дараа дараагийн хуудсуудаас: Зүүн болон хангайн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийн танилцуулга фото зургийг сонирхохын сацуу Өвөрхангай аймагт болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгэд” наадмын айргийн хүлгэдтэй танилцах боломжтой.
Мөн их говийн “сувд” тэмээний уяа сойлгын онцлог болон Гурвантэс сумнаа болсон уламжлалт уралдааны дэлгэрэнгүй сурвалжлага багтаж байгаа бол “Холбоод” буланд Булган аймгийн Хангал сумын “Хийморь” МСУХ-ныхон хамт олноороо оролцож, сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн байна. Мэдээж уламжлалт “Монгол бардамнал” булангийн энэ удаагийн урилгын эзэд “Заан шиг заан”, нөгөө нь МУ-ын Гоц мэргэн Холхгорын Оюунчимэг нар байлаа. Харин “Соёл урлаг”-ийн булангаас залуу яруу найрагч А.Бүддоржийн “уяан дээрх морьдтой” танилцана бизээ.
Энэ мэтчилэн тоочоод шүүрс алдам сонирхолтой мэдээллүүдтэй “Тодмагнай” сэтгүүлээ та “Интер” номын салбар дэлгүүрүүдээс болон сонин борлуулах цэгүүдээс худалдан аваарай. Мөн редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон авч болно.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна