Улс халзанд Дархан Манлай түмний эх, Х.Бат-Эрдэнийн хүрэн моринд Даян манлай түмний эх цол олгохоор боллоо

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 28 -нд

ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурал  2013 оны 11-р сарын 25 нд хуралдаж дараах асуудлыг  хэлэлцэж шийдвэрлэв.
Нэг:
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.2 заалт, Олон улсын морин уралдааны  холбооны дүрмийн ... заалтуудыг үндэслэн Монгол Улсын 2013 оны өндөр чансаатай 9  уяач, 9 уралдаанч хүүхэд, 9 азарга, 9 их насны морьдыг  ММСУХ-ны рейтингийн зөвлөлийн  шийдвэрээр чансаалав. 
Хоёр: ММСУХ-ны дүрмийн 4.2 дахь  заалтыг үндэслэн  ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/15 тоот шийдвэрээр Монголын уяачдын VI их хурлыг зохион байгуулах комисс  байгуулж, VI их хурлын бэлтгэл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг комиссын дарга, гишүүдэд даалгав.
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VI их хурлыг   2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо  зохион байгуулахаар тогтов. Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VI их хуралд аймаг, орон нутгийн  салбар холбоодоос тус бүр таван хүнийг төлөөлөгчөөр оролцуулахыг зохион байгуулах комисст  даалгав.
Гурав: Монголын уяачдын шинэ жилийн баярыг 2013 оны 12 дугаар сарын 8-ны өдөр  тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, Шинэ жилийн арга хэмжээнд салбар холбоодын зүтгэлтнүүд, ахмад уяачид, нийт уяачдыг өргөнөөр хамруулахыг ММСУХ-ны ажлын албанд даалгав.
Дөрөв: ММСУХ-ны “Хурдан моринд цол олгох” журмыг үндэслэн ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр Үндэсний их баяр наадамд гурван жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI”  уралдаанд түрүүлж  наадамчин олноо баясган “Хурдан моринд цол олгох” журмын болзлыг биелүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарганд  “Дархан Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоо,  Үндэсний их баяр наадамд хоёр жил дараалан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-VI”  уралдаанд түрүүлж, наадамчин олноо баясган “Хурдан моринд цол” олгох журмын болзлыг биелүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн моринд  “Даян Манлай түмний эх” цол, алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог олгохоор шийдвэрлэв.

ММСУХ-ны олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна