Б.Бат-Өлзий Манлай дахин шилдгээр тодорлоо

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 16 -нд

ММСУХ сар шинийн босгон дээр могой жилийн шилдгүүдээ тодруулжээ.
Шилдгийн шилдэг салбар холбоогоор Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ. Дэлхийн дээд амжилт тогтоох 11125 морьтон монголчуудын их жагсаал, 4249 үндэсний хурдан морины уралдаанд аймгийн уяачдыг амжилттай сайн зохион байгуулан оролцож, холбооныхоо үйл ажиллагааг  байнгын тогтмол болгож үр дүнтэй олон ажлыг санаачилснаас гарааны төхөөрөмж, морины шүтээний цогцолборын загварыг гаргаж нутгийн олонд таниулан сурталчлах, сумдын салбар холбоог батламжлан тамга, гэрчилгээ олгох, “Хонгорын хурд” сэтгүүлийг эрхлэн гаргах  зэрэг ажлыг тэд хийсэн байна.
Шилдэг салбар холбоогоор Булган аймгийн “Булганхангай” МСУХ. Тус холбоо 11125 морьтон монголчуудын их жагсаал, 4249 морины уралдаанд манлайлан амжилттай сайн оролцож, аймгаасаа 700 гаруй морьтонг жагсаасан. Мөн тооны хурдан морийг нэг бүс болгон  уралдуулж, уг арга хэмжээнд оролцож буй уяачдын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс аймгийн цагдаа, хүүхдийн байгууллага, эмнэлгийн ажилчид зэрэг төрийн 68 албан хаагчийг тус арга хэмжээнд оролцуулав.
Шилдэг гал уяагаар “Их хурд” уралдаан, Улсын наадам, бүсийн уралдаанаас 7 түрүү,  10 гаруй  айраг авч, холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжин “Их хурд-6”, Дэлхийн дээд амжилт Гиннесийн жагсаал, уралдааныг зохион байгуулахад идэвх  санаачилгатай ажилласан  “Од” гал уяаны хамт олон
Шилдэг уяачаар “Их хурд” уралдаан, Улсын наадам, бүсийн уралдаанаас 6 түрүү,  8 айраг авсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий
Шилдэг залуу уяачаар 2013 онд Улсын наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг авсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир.  Тэрээр  22 настай бөгөөд Гиннест морь уралдуулсан уяачдаас хамгийн залуу нь байв. Мөн Гиннесийн 4249 морины  уралдааны баруун бүсэд Өсгийн цагаан зээрд их насны морь түрүүлгэж, бор их насны морь айргийн тавд хурдлуулсан.
Шилдэг уралдаанч хүүхдээр:
1. “ОД” гал уяа-Гансүхийн Сүхбат . Уяач нь  Б.Бат-Өлзий
2.  “Ажнай” гал уяа-Тогоохүүгийн  Баярхүү. Уяач нь Б.Цэндбаатар
3.  “Чонон саарал” гал уяа-Мөнхтөрийн Улсболд. Уяач нь Б.Ерөөлт
4.   “Хүй мандал” гал уяа-Нэргүйн Амарбаясгалан. Уяач нь Т.Ихбаяр
5.   “Босоо хүлэг” гал уяа-Отгонбаатарын Намхайнямбуу. Уяач нь Д.Мөнхбат 
6.   “Түмний эх” гал уяа-Батбилэгийн Буяндэлгэр. Уяач нь О.Батбилэг
7.   “Хүй мандал” гал уяа-Цолмонгийн Мөнхзул. Уяач нь Т.Ихбаяр
8   “Бүрэн хурд” гал уяа-Батмөнхийн Сэлэнгэзаяа. Уяач нь С.Эрдэнэбат
9.  “Их салхин” гал уяа-Баярхүүгийн Зориг. Уяач нь С.Ганзориг
10. “Ажнай” гал уяа-Ганбаатарын Мөнхболд. Уяач нь Б.Пүрэв-Очир
11. Завхан аймаг-Отгонхүү Зоригбаатар. Уяач нь н.Ганзориг
12. Архангай аймаг-М.Ганхөлөг. Уяач нь О.Алаг-Уул

Шилдэг сумын салбар холбоогоор:
 1. Сэлэнгэ аймгийн Бугант сумын МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд аймгаасаа хамгийн идэвх санаачилга гаргаж амжилттай сайн оролцож, цэнхэр дээл, хээр морины зүсээр ижилссэн)
2. Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд 50 гаруй морьтонг оролцуулж, дан цагаан  мориор  зүс ижилссэн. Түүнчлэн 6x8 хэмжээтэй ажлын байрыг сумын уяачдын хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Мөн сумынхаа уяачдын 1933-2011 он хүртэлх түүхийг бичиж, баримтат кино хийсэн)
3. Булган аймгийн Дашинчилэн сумын “Нутгийн хурд” МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд аймгаасаа хамгийн идэвх санаачилга гарган 80 гаруй уяачийг оролцуулсан)
4. Сонгинохайрхан дүүргийн “Партизан хурд” МСУХ. (Үйл ажиллагаа нь тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал, уралдаанд хамгийн идэвх санаачилга гарган 170 гаруй уяачдыг оролцуулж  амжилттай сайн ажилласан)
5.  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Тайжийн хурд”  МСУХ. (Дэлхийн дээд амжилт Гиннесийн их жагсаал, 4249 үндэсний хурдан морины уралдаанд 30 гаруй уяач, хурдан морь оролцуулсан. Холбооны үйл ажиллагаа явуулах албан өрөөг тохижуулж, иж бүрэн компьютерээр тоноглож өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн сум орон нутагт зохиогддог уралдааныг тогмол болгож, сум орон нутгийн онцлогийг харуулсан медаль, нэмнээ хийсэн. Түүнчлэн морины дууны уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулав. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж 200 гаруй уяачийг бүртгэлжүүлээд байна. Холбооныхоо санхүүг бэхжүүлж, одоогоор 8.700.000 төгрөгийн хуримтлалтай болоод байгаа аж.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна