Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо шинээр байгуулагдлаа

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 27 -нд

Сар гаруйн өмнө хуралдсан ММСУХ-ны ээлжит VI их хурлаас баталсан салбар холбоодын дүрмийн дагуу Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоог шинэчлэн, албан ёсоор үүсгэн байгуулах анхдугаар бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Нийслэлийн морин спорт уяачдын холбоо гэх нэршилтэй ТББ байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаа нь доголдолтой, удирдлагын баг бүрэлдэхүүн тодорхой бус гэсэн шалтгаанаар тус холбоонд харьяалалтай цөөн бус гишүүд ММСУХ-нд “холбоогоо шинэчлэн сайжруулах” хүсэлтийг тавьсаны дагуу зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, бага хурлын бэлтгэл ажлыг хангасан гэнэ.
Бага хуралд 85 төлөөлөгч оролцсон бөгөөд хөтөлбөрийн дагуу асуудлаа хэлэлцэн, лого, туг, нэршил зэргээс бусад дээр санал нэгтэй батламжилсан. Салбар холбоодын дүрмийн дагуу шинээр үүсгэн байгуулагдсан Нийслэлийн Морин Спорт уяачдын холбооны тэргүүнээр М.Мөнхбаясгалан 100 хувийн саналаар сонгогдож, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд батламжилсан юм. Түүнчлэн тус холбооны тэргүүлэгчээр 41 хүний нэрийг дэвшүүлэн баталж, удирдлагын багийг нэг тэргүүн дэд, гурван дэд тэргүүн, нэг нарийн бичгийн даргатайгаар байхаар шийдвэрлэн, дэргэд нь гурван хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл байхаар тогтоно лээ.
Ийнхүү манай улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын уяачид, хурдан морь сонирхогчид хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан холбоонд албан ёсоор харьяалагдах боломжтой болж буй юм.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна