ММСУХ-ны тэргүүлэгч Ц.Батсайхан: Хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгууд уралдаан зохион байгуулж болно

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 18 -нд

-Уламжлалт “Дүнжингаравын хурд”уралдааныг өнөө жил цуцлах тухай шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Хугацаа тулсан энэ шийдвэр уяачдын бухимдлыг төрүүлж байх шиг байна?
-“Дүнжингаравын хурд”хаврын бүсийн уралдаан уяачдын тухайн жилийн өнгөө шинждэг уламжлалт уралдаан. Энэ уралдаанд уяачид маань их ач холбогдол өгдөг. Уралдаан зохион байгуулж болох тухай Засгийн газрын тогтоол гарсны дараа олон уяачид морь малаа ачаад наашаа ирчихсэн байсан учраас бухимдах нь аргагүй юм. Гэвч нөгөө талаараа зүүн гурван аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалт ихэсч байгаа тул Засгийн газар гаргасан тогтоолоо цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байна.Тиймээс Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн гурван уралдааныг хориглох тухай тогтоолыг гаргасан. ММСУХ-ны зүгээс уяачдынхаа хөдөлмөр зүтгэлийг ойлгож байгаа боловч үүсээд байгаа нөхцөл байдлыг хүндэтгэлтэй хандан Засгийн газрын шийдвэрийг дагахаас өөр аргагүйд хүрч байна. Энэ жилийн хувьд “Дүнжингаравын хурд” уралдааныг зохион байгуулах боломжгүй гэдгийг мэдэгдэхийг хүсч байна.
-Засгийн газрын тогтоолт уралдаануудыг хориглосноос бусдыг нь хориглоогүй. Тэгэхээр аймаг аймагтаа уралдаж болно гэсэн ойлголттой уяачдад хандаж юу гэж хэлэх бол?
-Хорио цээрийн дэглэмтэй гурван аймаг, Улаанбаатар хот, Төв аймаг гэсэн газруудад ямар нэг уралдаан зохион байгуулж болохгүй. Харин бусад аймгуудын тухайд орон нутгийнхаа удирдлагуудтай зөвшилцөлд хүрвэл зохион байгуулж болно гэж ойлгож байгаа.
-Нэгэнт олон жилийн турш зохиогдоод уламжлал болчихсон Дүнжингарвын хурд уралдаанаа шүлхий өвчин гараагүй аймгуудад зохион байгуулчихаж болохгүй юу гэсэн асуултыг мөн уяачдын зүгээс тавьж байгаа?
ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн:
-Нэгдүгээр сарын 28-ны өдрийн бүсийн уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын 28 тоот тогтоолын дагуу ММСУХ-ны тэргүүлэгчид хуралдаад “Дүнжингаравын хурд” уралдааныг зохион байгуулах комиссыг томилон бэлтгэл ажилдаа ороод байсан. Энэ хүрээнд 800 хүүхдийнхээ комбинзоныг хийлгэж, медаль болон бусад бэлтгэл ажлаа төлөвлөгөөний дагуу хангачихсан байсан. Гэтэл 2-р сарын 14 өдөр Засгийн газрын 39 тоот тогтоол гарч мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх тухай зарим арга хэмжээний хүрээнд өмнөх 28 тоот тогтоолын нэг дэх зүйлийг хүчингүй болгосон. Нэг дэх зүйл нь гэдэг нь Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн гурван уралдааныг зохион байгуулах тухай шийдвэр байсан.
Тэгэхээр хорио цээрийн дэглэм тогтоогоогүй аймгуудын хувьд орон нутгийнхаа Засаг дарга, Иргэдийн хурлын шийдвэртэй бүсийн уралдаануудаа хийх боломж нээлттэй байгаа. Үүнийг МУ-ын Засгийн газраас хориглоогүй.
-Хэдийгээр үүсээд байгаа нөхцөл байдал хүнд ч 60 мянган уяачийн хагас жилийн хөдөлмөр талаар болж байна. ММСУХ уяачдынхаа эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэсэн байр суурьтай уяачид цөөнгүй байна. Энэ тухайд юу хэлэхсэн бол?
-ММСУХ-ны зүгээс уяачдынхаа байр суурийг маш их ойлгож байгаа. Холбооны удирдлагууд гэдэг чинь өөрсдөө адилхан уяачид шүү дээ. Бид уяачидтайгаа мөр зэрэгцээд морио уяад л, тэдэн дотроо явж байдаг улс. Тэгэхээр уяачдын хөдөлмөрийг бид үнэхээр ойлгож байна. Хамгийн багадаа гэхэд өнгөрсөн намраас эхлээд мориндоо ажил хийгээд хаврын уралдааны бэлтгэлээ базаасан байгаа. Холбооны зүгээс аль болохоор уяачдынхаа эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргуулж, уралдаануудаа зохион байгуулчих юмсан гэсэн байр суурьтайгаар дөнгөж сая хүртэл зарим нэг удирдах дээд албан тушаалтнуудтай уулзаад ирлээ. Улс орныг хамарсан онцгой байдал зарласан байгаа энэ үед бид зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодоод зөрөөд байж болохгүй нь. Бид хууль дүрэмтэй нийгэмд амьдарч буй улс. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэх ёстой. Үүнийг манай уяачид зөвөөр ойлгох байхаа.
-Зургадугаар сарын нэгэн гэдэг ч юм уу, тодорой хугацаа заасан уу?
-Ямар нэг тодорхой хугацаа заагаагүй.

А.Мөнх
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна