“Хонгорын хурд” МСУХ-ны Улаанбаатар дахь салбар зөвлөл байгуулагдлаа

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 24 -нд

2013 оны ММСУХ-ны шилдгийн шилдэг салбараар шалгарсан Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" МСУХ өнгөрөгч амралтын өдөр /3-р сарын 22-нд/ нийслэлд оршин суудаг уугуул нутгийн морь сонирхогчдоо цуглуулж, нэг  өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
“Хонгорын хурд” МСУХ-ны Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийг  үүсгэн байгуулж, 7-р сард болох Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой болон VIII гэгээнтнээ сэнтийд нь залах  Даншиг наадам буюу говийн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулах, Баянхонгор аймагт хурдан морины цогцолбор байгуулах гээд олон чухал асуудлыг хөндсөн энэ удаагийн уулзалт зөвлөгөөнд 20 сумдын төлөөлөл 120 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байсан юм.
Хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хот дахь салбар холбоог байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Бөмбөгөр сумын уугуул Д.Агвааныг тэргүүнээр сонгосон бол нарийн бичгийн даргын албыг Баянбулаг сумын уугуул Ж.Мөнхсоёмбо хашихаар боллоо. Харин тэргүүлэгчдээр Мөнхбаатар /Эрдэнэцогт/, Д.Баяраа / Баянцагаан/ Баатарзориг / Өлзийт /, Намхай, Жадамбаа / Хүрээмарал /, А.Батболд / Галуут/ Ц.Энхтайван / Баян-Овоо/, Дамдинсүрэн / Баацагаан/, Мягмарсүрэн, Цэдэв / Бууцагаан/, Болдсайхан /Заг/, Б.Мөнхтулга / Баян-Өндөр/, Алтанхуяг / Жаргалант/, Чимэдравдан /Гурванбулаг/, Гансүх, Дэлгэрдалай / Богд/, Махбал / Баянбулаг/, Болдбат, Олонбаяр / Баянлиг/, Б.Ганбат /Шинэжинст/, Чулуунбаатар, Эрхэмбаяр, Нямдорж / Хуучинжинст/  нар тус тус сонгогдлоо.
Түүнчлэн нийт төлөөлөгчдөдөө "Хонгорын хурд" МСУХ-ны тэмдэг, үнэмлэхийг гардуулж цаашид холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Уулзалт, зөвлөгөөнөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь говийн бүсийн уралдааны зохион байгуулалт байлаа. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойдоо хонгорчууд идэвхтэй оролцохыг уриалж, гэгээнтний хоёрдугаар дүрийг залах даншиг наадамд хамгийн анх 1000 их насны морь уралдаж байсан бахдам түүхийг сэргээн нэг сумаас 50 их насны морь гэсэн жишгээр 1000 морь уралдуулахаар төлөвлөж буйгаа холбооны тэргүүн дуулгаад, 1000 морио 300,300-гаар нь хуваан гурван гарааны төхөөрөмжнөөс гаргаж уралдуулахаар төлөвлөж буйгаа хэллээ. Түүнчлэн 1000 их насны морьдын энэхүү уралдааныг цаашид уламжлал болгох зорилготой байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ мэтчилэн олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэн уулзалт зөвлөгөөн өргөн дэлгэр басхүү үр өгөөжтэй болж, хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.
Эцэст нь хэлэхэд “Хонгорын хурд” МСУХ-ны хүн ам ихтэй томоохон хотуудад салбар зөвлөлөө байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, нутаг нугийнхнаа нэгтгэн буй энэхүү туршлагаас бусад холбоод хуваалцмаар санагдсныг хэлэх нь зүйтэй байхаа.
Хонгор нутгийн түмний үйлс өөдрөг байж,хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдэх болтугай. 
А.Энхжил
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна