НМСУХ-ны тэргүүлэгч Л.Алтанхуяг: ММСУХ бодлого шийдвэрээ яаж гаргана, түүнийг бид бодолцож шийдвэрээ гаргана

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 17 -нд

Нийслэлийн Морин спорты уяачдын холбооны тэргүүлэгч Лантуугийн Алтанхуягтай нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд-2014" уралдааны үеэр ярилцлаа. Энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн нас уралдсан бөгөөд гарааны төхөөрөмжинд сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар нас бүрээс 20 гаруй үрээ хасаж, уралдаж  ирсэн хойно нь айрагдсан морьдоос сэрвээний өндөр нь хүрэхгүй ч харагдах байдлаар эрлийз гэснийг нь хассан. Энэ нь нилээдгүй маргаан дагуулсан юм.

-Энэ жилийн хувьд “Хангарьд-2014” нэртэйгээр зохион байгуулагдсан нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаан урьд жилүүдээс онцлох зүйл юу байв?
-Нийслэлийн Морин спорт уяачдын холбоо шинэчлэн зохион байгуулагдаж анхны уралдаанаа “Хангарьд-2014” нэртэйгээр зохион байгууллаа. Энэ уралдаанд хязаалан, шүдлэн, даага, /эрлийз даага/ гэсэн дөрвөн насны уралдаан болж  өндөрлөлөө
-Эрлийз, монголоор нь ялгах тал дээр нилээд асуудал үүсч байна. Энэ талаар?
-НМСУХ “Хангарьд-2014” уралдааныг монгол хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага уралдуулна гэдгээ зарласан. Гэвч уяачид маань урьд урьдын наадамд эрлийз морьдоо монголд уралдуулаад ямар нэг шалтгаанаар хасагддаггүй болохоор эрлийз адуу их ирсэн байна. Холбоо анхнаасаа зарласан шийдвэрээ  дагаж эрлийзийг  хасахаас өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ бид хамгийн сүүлд барьж байгаа норм, дүрэм, стандартаар үүлдэрлэг байдлаар тогтоох, сэрвээний өндрийг хэмжиж эрлийз гэдгийг нь тодорхойлж комиссын шийдвэрээр  хассан байгаа.
-Эрлийз, монголоо ялгаж чадаад цэвэр монгол адуу уралдаад эхлэх юм бол наадмын цар хүрээ улам өргөн болох байх гэж бодож байна?
-“Нийслэлийн хурд” уралдаанд хөдөө орон нутгаас  харьцангуй цөөхөн уяач оролцдог, хот тойрсон уяачид ихэвчлэн морьдоо уралдуулдаг байсан. Энэ жил шинэчлэн зохион байгуулагдаж эрлийз адуу уралдуулахгүй гэсэн учраас хөдөөнөөс уяачид олон ирсэн байна. Монголын адууны цөөхөн хувь нь эрлийз шүү дээ. Тиймээс эрлийз нь эрлийздээ, монгол нь монголдоо уралдах ёстой. Цэвэр монгол адуугаа уралдуулах сонирхол манай уяачдын дунд их байна. Жил бүр цэвэр монгол адуугаараа уралдаад байвал хөдөө орон нутгаас ирэх уяачдын тоо ихэсч, морьд олон болж наадам улам л чанаржина.
-Улсын наадамд ч хасагдаж байгаагүй олон адуу хасагдсан уралдаан боллоо. Морины комисст ямар хүмүүс ажилласан бол?
-НМСУХ-ны тэргүүлэгч 40 гаруй гишүүн байдаг. Тэдний тал нь уралдааны комисст ажиллаж, Улсын наадмын хэмжиж тооцдог мэргэжлийн улс оролцож цэвэр монгол адууг уралдуулна гэсэн шийдвэрээ л хэрэгжүүллээ. Манай уяачид монгол адуу уралдана аа гэж зарлаад байхад эрлийз адуу авчирчихаад өдий төдий газраас ирлээ гэж гомдоллодог. Энэ уралдаанд цөөнгүй адуу хасагдсан. Гэвч энэ нь нэг хүний шийдвэр биш, бүхэл бүтэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комиссын шийдвэр байсан. Эсэргүүцэл бол нилээдгүй байлаа. Уг нь манай уяачид ухамсраараа эрлийз морьдоо мордуулахгүй байвал өөрсдөдөө ч тэр,  комисстоо ч амар байх байлаа.  Уяачид маань эрлийз морьдыг нь хасчихлаар уг нь жижигхэн ш дээ гэх юм, үүлдэрлэг байдал харж байгаа үед том жижиг хамаа байхгүй, эрлийз бол хасагдана. 
-Хойшид өнөө жил шигээ эрлийз, монголоо үүлдэрлэг байдлаар харж ялгах уу, эсвэл сэрвээний өндрөө барьж ялгах уу?
-ММСУХ-ны VI их хурлаас сэрвээний өндрөөр ялгах  шийдвар гарсан ч одоохондоо хэрэгжээгүй байна. ММСУХ бодлого шийдвэрээ яаж гаргана, түүнийг НМСУХ бодолцож байж шийдвэрээ гаргана. Гэхдээ энэ талаар ярихад эрт байна.
-Ярилцсан танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ уралдааныг хамтран зохион байгуулахад оролцсон бүх байгуулагадаа баярлалаа. Хүүхдийн төлөө газар, хэвлэл мэдээллийнхэн,  цэрэг цагдаа, үйлчилгээний алба гээд олон хүний хүч хөдөлмөрөөр “Хангарьд-2014” уралдаан маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна