"Тод магнай" сэтгүүлийн морин жилийн дөрөв дэх дугаар гарлаа

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 30 -нд

Морин жилийн дөрөв дэх буюу сэтгүүлийн маань 52 дахь дугаар эрхэм уншигч танаа хүрч байна. Мэдээллийн өргөн агууламжийг цогцлоосон энэ удаагийн дугаарын зочноор Монголын морин спортын ууган мастер, ОХУ-ын спортын дэд мастер, МУ-ын Манлай уяач Төмөржаагийн Даваадорж уригдан оролцож, сонгомол морин спортын үүсэл гарал хийгээд, өрнөл хөгжлийн талаар сонирхолтой яриа дэлгэлээ.
Адуун хийморьтой аавын хүү, удамт уяачдын нэг энэ эрхэм алдарт хүрэн морины эзэн Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн нагац ах гэдгийг морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.
Ууган мастер сэтгүүлийн дараа дараагийн дугааруудаар дамжуулан сонгомол морин спортын талаар болон морин тойруулгын хурдан хүлгэдийн угшил гарвал, тархцын талаар сонирхолтой мэдээллийг өгөхөөр амласныг дуулгахад таатай байна. 
52 дахь дугаарт морин жилийн хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд-2014” болон нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Хангарьд-2014” наадмын талаарх фото сурвалжлага багтсан буй. Та бүхэн морин жилийн өнгө тольдох уралдаанд хэний ямар хурдан хүлэг түрүүлж айрагдсан болохыг 12-37 хуудаснаас тольдоорой.
Монгол орноо морьтойгоо нар зөв тойрч аялахаар зориг шулуудсан “Морьтон Монгол” төслийн залуус зорилгынхоо талаар хэрхэн хуучилсныг та энэ удаагийн дугаараас уншихын сацуу аяллын холбогдолтой дараа дараагийн мэдээллийг зөвхөн “Тод магнай” сэтгүүлээс хүлээн авч унших боломжтойг дуулгахад таатай байна. Олноо “Эмээлийн” хэмээн алдаршсан уран дархан Дэмбэрэлийн Алтангэрэлийн монгол омогшил, ур ухаан үнэртсэн сонирхолтой ярилцлага “Урлаг соёл” булангаар дамжин уншигч танаа хүрч байна. Морь сонирхогч эрхэм  танд энэ ярилцлага таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Өнгөрсөн дугаараас эхлээд уншигч танаа хүрч байгаа сэтгүүлч А.Тэлмэнгийн “Мөнх ногоон морины орноор...”хийсэн аян замын тэмдэглэлийн дараагийн цувралыг 86-95  нүүрээс хүлээн авч уншаарай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна