Бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга сүндэрлүүллээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 12 -нд

Суварга бол бурханы лагшин, номлол, таалал лугаа барилдсан хамаг бурхдын хурах ордон
Суварга бол бурханы энэрэлээр төрсөн хувилгаан дүрийн газар дээрх сүлд
Суварга бол эрхэс тэнгэрийн эрчсийг эх газарт татан буулгах төв гэсэн мөрүүдийг эрхэм уншигч та ном судраас нэг бус удаа уншиж байсан биз ээ. Хамаг бурхадын хурах орон суварга бүтээх нь хүний бурханлиг чанарыг сэвтээж буй гэмийг ариусган, мууг сайнд урвуулан эрдэм болгоныг гүйцээхийн төлөөх гэгээн үйл хэмээдэг. Төрийнхөө их баяр наадамд уясан хүлгэдээ уралдуулан түмэн олноо цэнгүүлдэг “Дорнын унага” гал уяаныхан буюу Тод манлай уяач С.Ганхуяг,  Т.Галбадрах нарын эрхмүүд  бурханы сургаалд заасан энэхүү гэгээн үйлийг дэлгэрүүлэн бодь суваргыг бүтээн цогцлоожээ. Бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хүнхэр шанд хэмээх газар сүндэрлэсэн бөгөөд аравнайлах ёслолын үеэр урлаг соёлын одод ая дууны түрлэг өргөн, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгаас хүрэлцэн ирсэн соёолон, их насны морьд шандас шалган хийморь далласан юм. Ийнхүү уралдсан хүлгэдээс:
Их нас-61
1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор/төрийнхөө их баяр наадамд завсаргүй дөрвөнтөө айрагдаад байгаа /
2.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Түмэнзаяагийн хул
3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Эрдэнэбаатарын хул халзан
4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жаргалмөнхийн хээр
5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрахын ногоон
Соёолон-26
1.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Т.Галбадрахын хээр
2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат С.Ганбаатарын зээрд
3.Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Баасандоржийн буурал
4.Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жаргалмөнхийн хүрэн
5. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Оюунбатын хүрэн  тус тус хурдалж, хурсан олноо цэнгүүлсэн бол нутгийн зон олон тэнгэр заяат тэнхээт хүлгэдийн орон Цагаан-Овоо суманд ийнхүү бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга сүндэрлүүлсэнд таатай байгаагаа илэрхийлж, суварга бүтээгчдэд ерөөлийн хадаг өргөнө билээ.
Дээрх үйл явдлын холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг бид цувралаар хүргэх болно.
А.Тэлмэн

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна