Т.Болдбаатарын халиун Хэнтий аймгийн баяр наадамд дахин түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 03 -нд

“Тод магнай” сайт өмнө нь аймгуудын баяр наадмын товыг хүргэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяр цэнгэл наадам эхэллээ. Хурдан морины уралдаан адуун сүргийн манлай азаргаар эхэлсэн бөгөөд 80 гаруй алтан туурт тоосоо өргөжээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач, "Дэлтэй цэнхэр" МУСХ-ны нарийн бичгийн дарга Түвдэндоржийн Болдбаатарын хавчиг халиун азарга түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Халиун азарганы тухайд өнгөрсөн жил тус аймгийн түүхт 90 жилийн ойд түрүүлж, Дүнжингаравт айрагдсан. Мөн 2011 онд шүдлэндээ Хөвсгөл аймгийнхаа наадамд аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн наадамд айраг амссан. 2012 онд зүүн бүсийн даншигт айргийн гурваар хурдалсан Халх даяараа цуутай идэрхэн түмний эх билээ. Харин аман хүзүүнд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гончигийн Содномын зээрд хурдалсан бол айргийн гуравт Хэрлэн сумын харьяат Ж.Оюунбаатарын буурал, айргийн дөрөвт Биндэр сумын харьяат Бямбацогтын халтар, айргийн тавд Сухбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Г.Ганзулын хул давхиж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо цэнгүүлжээ. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна