Завхан аймгийн уяачид, хурдан морины тухай 300 нүүр бүхий сэтгүүл хэвлэгдэн гарлаа

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 21 -нд

Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэл өтгөн сайхан боллоо. Жилээ даадаг наадмын сонин хуучраагүй байхуй дор  “Тод магнай” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар уншигч танаа хүрч байна. Энэ удаа бид та бүхэнд Богд Очирваанийн адистай Завхан аймгийн хийморилог уяачид, хурдан хүлгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
Завхан аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 24 сумтай. Сум тус бүрийн төлөөлөл, нэрийн хуудас болсон 165 эрдэмт уяачид  өөрсдийн хурдан хурц хүлгүүд, алдар цол, амжилтынхаа талаар сонирхолтой хуучийг дэлгэснийг эрхэм уншигч та энэ удаагийн дугаараас унших боломжтой.
Монгол түмний хийморийг өргөж, саар муугаас сатааруулж байдаг Очирваань хайрханы нутгаас төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн 23 цолтон төрөн гарсан байдаг бөгөөд тэдний гурав нь Тод манлай буюу дээд цолтон, дөрөв нь Манлай, 16 нь Алдарт уяач цолтой эрхмүүд юмаа.
Завхан нутаг эрт дээр цагаасаа Тэс угшлын хурдан адуугаараа алдартай. Тэсийн голын адууны тэнхээ чадлыг гайхуулж монгол түмнээ цэнгүүлсэн Хишигбатын хонгор, Нагааранзын хүрэн халзан гээд төрийн түмэн эхүүдийг морь сонирхогчид хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. “Очирваанийн хүлэг” МСУХ  удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлт хийсэн даруйдаа нутгийн адууны чанарыг сайжруулах, чансааг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй Тэс угшлын адуу төрийнхөө наадамд цулбуур өргүүлэн цоллуулахыг үгүйсгэхийн аргагүй билээ.
2014 он буюу морин жилд Завхан аймгийн 10 сум тэгш ойгоо тэмдэглэж буй. Уншигч таны өмнө дэлгээстэй байгаа энэхүү сэтгүүл ч гэсэн тэрхүү түүхэн ойд зориулан бүтээгдсэн бөгөөд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж ивээн тэтгэж хэвлүүлснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байхаа.
Ингээд эрхэм та бүхнийг чилээхээ азнаж, замын хүн саатах Завхан нутгийн хийморилог уяачидтай танилцахыг урьж байна.

Эрхэт таны мэлмий тунгалаг, хийморь өөдөө байг.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна