"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 31 -нд

Хурдан хүлгүүдийн хийморийн адистай тоос хөх тэнгэрт заларч, хөөрхөн хүүхдүүдийн цовоо гийнгоо хөндий талыг үргээсэн дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойтол дэлгэр сайхан боллоо.
Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр наадамд түрүүлж айрагдан, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн шандаст хурдан хүлгэдийн үүрсээтэй “Тод магнай” сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг эрхэм уншигч та бүхэндээ өргөн барьж байна.
Энэ удаагийн дугаарын зочин хойморт төрийнхөө их баяр цэнгэлд унаган үрээгээ аман хүзүүдүүлж, их морь айрагдуулсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар уригдан оролцлоо. Хурдан хүлгийн хийморьт сүслээд 20-иод жилийн нүүр үзэж буй энэ эрхэм морин жилийн хавар аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон бөгөөд төрийн наадмаас хоёр айраг хүртэн цолоо мялаасан нь энэ билээ. Шинэхэн Алдартын шимтэй ярилцлагыг та 4-9 нүүрнээс хүлээн авч үзээрэй.
Төрийн их цэнгэл наадамд эхний аравт хурдалсан дээд гурван насны морьдын дэлгэрэнгүй танилцуулга, уяач, унаач хүүхдийн баярын сэтгэгдлийг хуваалцдаг уламжлал тогтоод таван жил болж буйг байнгын уншигчид эчнээ мэдэх биз ээ. Энэ удаагийн дугаар эрхэм та бүхний хүсэн хүлээдэг монгол наадмын сонин сайхнаар дүүрэн гэдгийг дуулгахад таатай байна. Та бүхэн төрийн наадмын түрүү, айргийн хүлгэдийг шинжихийг хүсвэл сэтгүүлээ дуустал нь уншаарай.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна