2014 оны шилдэг адуучид тодорлоо

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 25 -нд

Монгол эрсийн цог золбоо болсон адуу эдлэх соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жилээс эхлэн “Адуучин” тэмцээнийг өөрийн ивээл дор зохион байгуулах болсон. Ерөнхий сайдын нэрэмжит аварга шалгаруулах тэмцээнд 21 аймгийн шилдэг адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлддөг уламжлалтай. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос шалгаран ирсэн шилдэг адуучид энэ сарын 23-ны бямба гарагт авхаалж самбаагаа сорин өрсөлдөж үзэгч олноо цэнгүүллээ. Тэмцээний дүн гарахад Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарч, өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай удаалан, гуравдугаар байрт Архангай аймгийн Цэнхэр сумын адуучин Ч.Баасандорж нар тус тус шалгарлаа. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт орсон адуучин 8 сая төгрөгөөр шагнуулсан бол дэд байр 6 сая, гуравдугаар байрын шагнал 4 сая төгрөг байлаа. Түүнчлэн уламжлал ёсоор тэмцээний төрөл тус бүрийн аваргуудыг тодруулж, урамшуулсан байна.
Б.Долзодмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна