“Бишрэлт гүний хурд” МСУХ шинэ өргөөтэй боллоо

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 04 -нд

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Бишрэлт гүний хурд” МСУХ шинэ байртай болжээ. Тэд шинэ өргөөнийхөө нээлтийг энэ сарын нэгэнд хичээлийн шинэ жилийн уламжлалт бэсрэг наадамтай хамт зохион байгуулсан юм.
Үдээс өмнө хурдан хязаалан, дааганы уралдаан явагдаж, өсвөрийн бөх /14-өөс доош, 15-аас дээш насны/, үндэсний сурын аваргаа тодруулсан.
Хурдан хязаалангийн уралдаанд 15 үрээ уралдаж, 
1. Булган аймгийн Баяннуур сумын уяач С.Манлайбаярын халтар
2. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Буянбаатарын цоохор
3. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн хонгор
4. Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, сумын Алдарт уяач М.Дэмбэрэлийн хар
5. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Тээг” багийн уяач М.Өсөхзаяагийн хээр тус тус түрүүлж, айрагдлаа.
Түүнчлэн хурдан дааганы уралдаанд мөн тийм тооны хүлэг мордож,
1. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн шар халтар
2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Банзар” багийн уяач Б.Батсүхийн хээр
3. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн сартай зээрд
4. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Мааньт” багийн уяач С.Эрдэнэбилэгийн хүрэн алаг
5. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хүрэнт” багийн уяач Д.Эрдэнэпүрэвийн хээр тус тус хурдаллаа.
Сүүлийн үед Хишиг-Өндөр суманд үндэсний сур харваа эрчимтэй хөгжиж байгаа гэнэ. Хос малгайтан сурагч ч олон байдаг аж. Тухайлбал, тус сумын сургуулийн сурагч Ганзориг, Баттулга нар бөх, сураар хичээллэдэг. Отгонбаяр хэмээх хүү бүр морь уядаг гэнэ. Түүнчлэн Мянганбаяр гэдэг хүү шаггүй цоллооч юм билээ. Хишиг-Өндөр сумын сургуулийн 90 жилийн ой саяхан болсон бөгөөд сурагч Б.Долгоржав үндэсний сур харваанд түрүүлсэн байна. 
Мөн наадмын үеэр манай Монгол орноор жуулчилж яваа Швейцарийн иргэн өсвөрийн бөхийн барилдаанд амжилт гаргасан Мөнхбаяр, түрүү дааганы унаач С.Тэмүүлэн нарт бэлэг дурсгалын зүйлс гардуулсан юм.
Үдээс хойш 15.00 цагт “Бишрэлт гүний хурд” МСУХ-ны шинэ өргөөний нээлтийн баярын үйл ажиллагаа эхэлсэн. Нээлтэнд Булган аймгийн “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Б.Батсайхан, Хишиг-Өндөр сумыг хариуцсан тэргүүлэгч Б.Ууганбаяр, “Сэцэд” компанийн захирал, “Бишрэлт гүний хурд” МСУХ-ны тэргүүн Д.Батбаяр болон тус сумын удирдлагууд, уяачид, иргэд оролцлоо. Шинэ өргөөний нээлтийн үйл ажиллагааг “Булганхангай” МСУХ-ны тэргүүлэгч Б.Ууганбаяр хөтөлж шаггүй хөтлөгч гэдгээ харуулна лээ. Түүнчлэн Хишиг-Өндөр сумын сургуулийн сурагчдын морин хуурын хамтлаг морин хуурын аялгуу эгшиглүүлж, Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн ХЦДБЧ-ын гоцлол дуучин Х.Батболд  ая дууны цэнхэр хадаг өргөсөн юм.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна