“Магнай халтар”-ын тууль оршвой

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 17 -нд

Монголын морины их олимп шигшмэл морьдын “Их хурд-4” уралдааны түрүү,  “Талын хүлэгч” гал уяаны гишүүн Цагаанбандийн Баяржаргалын Магнай халтар азаргыг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Гурван удаагийн “Их хурд” уралдаанд тоосоо өргөж, Амгалан төрийн ажнай шарга азаргыг ид үед нь дийлсэн энэ хурдан буян монгол түмний бахархалт хүлгэдийн нэг. Улс, бүсийн наадамд хоёр айрагдаж, “Их хурд” уралдаанд нэг түрүүлсэн Магнай халтар азаргыг магтан дуулсан шүлэг дуу цөөнгүй. Харин саяхан домогт хүлгийг бахадсан тууль төржээ. XXI зууны анхын тууль гэдгээрээ эрхгүй онцгойрох энэхүү уран бүтээлийг “Талын хүлэгч”гал уяаны гишүүн, “Яндаг фильм” студийн захирал, СТА Я.Болдбаатар туурвиж, залуу уран бүтээлч, морин хуурч, хөөмийч Э.Мөнхбаяр хайлсан байна.
Арав орчим минут үргэлжлэх XXI зууны анхны тууль Магнай халтар азарганы амжилт, алдрын товчооныг хүүрнэх бөгөөд сүүлийн үед үзэгч сонсогчдын анхаарлыг нэлээдгүй татаж, мэргэжилтнүүдээс ч гэсэн өндөр үнэлэлт авч байгаа гэнэ лээ. Ингээд эрхэм та бүхэндээ XXI зууны анхны туулийн эзэн Магнай халтар азарганы талаар товч мэдээллийг шинэ уран бүтээлийн хамт санал болгож байна.   

Тогоруу угшлын адуу
Тогоруугийн дөрөв дэх үеийн цустай хэмээгддэг халтар азарга Төв аймгийн Баянцогт сумын уугуул Отгонбаярын унаган адуу. 2005 онд сумандаа зохиогдсон хаврын уралдаануудад сайн давхиж байсан халтар шүдлэн одоогийн эзнийхээ нүдэнд өртжээ. Ганц хүний нүдэнд бус, халтар үрээг хурдан гэдгийг адуунд нүдтэй хүн бүхэн ажиглаж мэдчихсэн байсан гэдэг.  Тиймээс Ц.Баянжаргал “Хоёулаа наймаа хийе. Ах нь дараа жил болох сумынхаа /Завхан аймгийн Яруу сум/ 80 жилийн ойд халтар үрээг чинь уралдуулмаар байна” хэмээн ил цагаан хэлж хадаг барьжээ. Морины эзэн хүү ч зөвшөөрч “Та аваад яв, дараа нь үнэ өртгийг нь тохиръё” гэснээр Магнай халтар одоогийн эзнийхээ мэдэлд очжээ.
Халтар азарганы онцлог
Халтар азаргыг эзэн нь “Арьс хөрс нимгэн, бэлэн хөлстэй, давхил сайтай, өөртөө их амралт өгдөг, уяан дээрээ тааваараа байх гээд байдаг ч яг уралдааны үеэр араас ирж байгаа адуунд гүйцэгдэн ноёлогдоод байдаггүй. Уяа нь орохоороо ааш нь жаахан ширүүхэндүү болчихдог ч, наадмын өмнө өөртөө амралт өгөөд номхорчихдог” хэмээн дүгнэсэн юм. Магнай халтарын уяаг Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тааруулдаг гэдгийг уншигчид андахгүй биз. Тэд Өвөрхангайд болсон нэгэн уралдааны үеэр танилцаж, Хархоринд болсон “БОСА” компанийн 10  жилийн ойн уралдаанд хамт явахаар тохиролцжээ. “БОСА” компанийн 10  жилийн ойн уралдаанд Магнай халтар түрүүлж, Дуламсүрэн Манлайн Элбэг хээр нь аман хүзүүдсэнээр тэдний нөхөрлөл эхэлсэн гэдэг. Эх орны төв цэгээс эхэлсэн тэдний нөхөрлөл батжихын хэрээр халтар азарганы амжилт нэмэгдсэн хэмээн Ц.Баянжаргал уяач бэлэгшээж явдаг юм билээ.
Амжилтын товчоон
Сум, орон нутгийнхаа наадмаас айраг түрүү хүртэж явсан халтар үрээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн анхны уралдаанд гуравт хурдалж, Архангай аймгийн Тоглохын талд зохиогдсон “Тамирын хурд” уралдаанд айргийн тавд хурдлан, бүсийн наадмаас анхны айргаа хүртэж, морь сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм.  Энд Эрдэнэт хотын 30 жилийн ойн уралдааныг дурдахгүй өнгөрч болохгүй бөгөөд цэвэр цусны адууг тусад нь уралдуулна гэсэн амандаа хүрээгүйгээс зургаад хурдалсан Магнай халтар айрагдаж чадаагүй. Халтар азарганы амжилтын оргил үе нь 2007 он байлаа. АХ-ын 86 жилийн ойн төрийн их баяр наадамд аман хүзүүдсэн халтар азарга давхар уяагаар, шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд тоосоо өргөж, цуут шаргын түрүүнд гишгэн түүхэн амжилтын эзэн болсон билээ. Ийнхүү моринд дуртай монгол зон олныг самсааг шархируулан  хурдалж байсан халтар азарга өдгөө ижил сүрэгтээ тааваараа налайж байна.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна