Дааганы худалдааны өсөлт

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 03 -нд

Ирланд дахь Таттерсайлс морины дуудлага худалдааны газарт  өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт болсон дааганы дуудлага худалдааг ажиглагчид үр дүн сайтай болсон хэмээн дүгнэж байна. Хэдийгээр 2013 онынхоос 123-аар даагаар цөөн ч  2007 оноос хойшхи бүх дуудлага худалдааны тухайд авч үзвэл үр дүнгээрээ хоёрдугаарт бичигдэхүйц байж чадсан байна.  Учир нь энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсон морьдын 91% нь зарагдсан бөгөөд 40,000 дээш еврогоор зарагдсан дааганы  тоо нь өнгөрсөн жилийнхээс даруй хоёр дахин их байж чаджээ. Түүнчлэн Австрали, Англи зэрэг 15 орны худалдан авагчид нь Таттерсайлс болон Irish thoroughbred Marketing компанийн шугамаар ирсэн олон улсын төлөөлөгчид байсан байна. Энэ удаагийн дуудлага худалдаанд 173 дугаар бүхий  эр даагыг цэвэр цусны адууны борлуулагч ноён Росс Дойли 115,000 еврогоор худалдаж авсан нь хамгийн өндөр үнэ хүрсэн наймаа болсон байна. Мөн Барода & Колбинстаун үржүүлгийн фермийн Дарк Анжел хэмээх эр даагыг нэрт уяач Дермот Фэйлдийн хамтрагч ноён Бобби О’Райн 110,000 еврогоор худалдан авсан нь удаах байрт бичигджээ.
Хоёр дахь өдрийн худалдаагаар уяач Кевин Райний хүсэлтээр ноён Стефен Хиллен 85,00 еврогоор Mastercraftsman (IRE) азарга болон Rainbow Quest гүүний нийлүүлгээр гарсан эр даагыг авлаа. Дашрамд сонирхуулахад энэ нийлүүлгээр өмнө нь Ирландын аварга шалгаруулах уралдааны түрүү гарч байсан юм. Мөн The Grey Gatsby (IRE) Kodiac хэмээх азарганы төл 274 дугаартай эр даага  дээрхийн адил үнээр Рекс Гореллд ЖЖ Гордоны агентлагаар дамжин зарагдсан нь дуудлага худалдааны үеэр олны анхаарлыг маш ихээр татжээ.

А.Наранбаатар


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна