"Монгол уяач-3000" зөвлөгөөн Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 21 -нд

Монголын морин спорт, уяачдын холбооны бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбар холбоодын үйл ажиллагаатай танилцах, уяачдын санал бодлыг сонсож цаашдийн бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсаар ирсэн билээ. Цуврал зөвлөгөөн 11 дүгээр сарын 09-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн,ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Монгол Улсын Тод Манлай уяач Ц.Дуламсүрэн, Г.Алтангэрэл, А.Батсүх, Монгол Улсын Манлай Уяач Ц.Цэнд-Аюуш, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн “Өмнийн говийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Х.Түмэнбаяр, болон бусад тэргүүлэгчид, бүх сумдын уяачдын төлөөлөл нийт 250 хүн оролцсон байна. Зөвлөгөөнд оролцогсдод УИХ-ын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд илгээлт хүргүүлж, амжилт хүссэнийг уламжилсаны дараа хөтөлбөр ёсоор Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Өмнөговь аймгийн  МСУХ-г салбар холбоогоор батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн дараа орон нутгийн уяачдын санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа тусгахаа илэрхийлсэн ба улсын алдар цолтой уяачид хурдан морь уях, тэжээх, үржлийн ажлыг хэрхэн явуулах талаар үнэтэй зөвлөгөө өгч хариллцан санал солилцсон нь төлөөлөгчдийн талархлыг хүлээлээ.Түүнчлэн ММСУХ бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий уяачдыг Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. Үүнд:
1 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Хүүбаатарын Мөнхбат
2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Наранбадрахын Батхуяг
3. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Авирмэдийн Тавхайхүү
4. Өмнөговь аймгийн  Ханбогд сумын уугуул Равдансүрэнгийн Энхжаргал
5: Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Бандийн Батхүү нар байлаа. Үдээс хойш нь Монгол Улсын Тод Манлай Уяач Ц. Дуламсүрэн, Г.Алтангэрэл, А.Батсүх болон Монгол Улсын Манлай Уяач Ц.Цэнд-Аюуш нар сумдаас тусгайлан авчирсан эмгэгтэй адууг үзэж, хануур эмчилгээ хийхийн зэрэгээ, цаашдаа хэрхэн анхаарах талаар үнэтэй зөвлөгөөг өгсөн юм.
ММСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна