Баруун бүсийн уяачид чууллаа

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 27 -нд

Монгол Улсын алс хязгаар Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг баруун таван аймгийн уяачдын бүсчилсэн “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд, ММСУХ-ны ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, МУ-ын Манлай уяач Ч.Гансүх, Ц.Цэнд-Аюуш болон тэргүүлэгч гишүүн, аймгийн Алдарт уяач С.Ганболд, ММСУХ-ны Ажлын албаны ажилчид, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Гомбожав болон тэргүүлэгчид, бусад сумдын уяачдын төлөөлөл, Завхан, Ховд аймгуудын  МСУХ-ны удирдлагууд, уяачдын төлөөлөл нийт 150 орчим төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөө уламжлал ёсоор ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын хүргүүлсэн илгээлтээр эхэлж ажлын албаны дарга Ч.Сарангэрэл Говь-Алтай, Завхан, Ховд  аймгийн МСУХолбоодыг батламжилснаар үргэлжлэн, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаарх мэдээллээр дууссан юм. Үүний дараа орон нутгийн уяачдын санал бодол, хүсэлтийг сонсон, Улаанбаатар хотоос хүрэлцэн очсон Монгол Улсын Манлай уяачид морь уях, тэжээх арга барил, үржлийн ажлыг хэрхэн явуулах талаар үнэтэй зөвлөгөө өгч харилцан санал солилцож, ММСУХ-ны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан баруун бүсийн  нэр бүхий уяачдыг Монголын морин спорт, уяачдын холбооны Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.
Баруун бүсийн “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг зохион байгуулагчид буцах замдаа 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар дайрч Дэлгэрийн их талд тус сумын уяачидтай уулзан, санал хүсэлтийг нь сонссон бөгөөд Манлай уяач Ц.Цэнд-Аюуш, Ч.Гансүх нар шинэ үеийн уяа заслын талаар зөвөлгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа. Дашрамд сонирхуулахад Монгол уяач, Монгол адууны их өв соёлыг он цаг тооллын 3000 он хүртэл уламжлан үлдээх утга санааг бэлгэдэн нэрлэсэн Монголын морин спорт, уяачдын холбооны “МОНГОЛ УЯАЧ-3000” аян ийнхүү баруун бүсийн зөвлөгөөнөөр өндөрлөж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна