"Тод магнай" сэтгүүлийн 2015 оны анхны дугаар гарлаа

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 20 -нд

Айлчлан ирж буй XVII жарны хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын "Тод магнай" сэтгүүлийн шинэхэн дугаарын зочин хойморт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламын Сугар уригдан тухалсан. Түмэн олны итгэлийг өвөртлөн төр түшилцэж явсан энэ эрхэм өдгөө Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж буй. Ном эрдмийн ажилд шамдан буй тэрээр сүүлийн гурван жил од хийморь дүүрэн наадаж, сайн андын сайхан сэтгэлийн бэлэг хул азарга нь Монгол Улсын чансаа өндөр есөн хүлгийн нэгээр гурав дахь удаагаа шалгараад буй юм. Зочин хоймортоо урьж оролцуулах болсон хүндэтгэх шалтгааны нэг нь энэ билээ.
Улс, бүс, “Их хурд” уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртээд буй хийморилог эрхмийн ярилцлага шинэ санаа, санаачлагыг авчрах болтугай.
Уламжлалт “Уралдаан” булангаар өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурдан хүлгүүдийг танилцуулна.Та бүхэн хэний ямар хурдан хүлэг, түрүү айрагт хурдалсаныг мэдэхийг хүсвэл 21-36-р нүүрүүдийг тольдоорой.
Орон нутгаас бэлтгэдэг “Аяны богц” булангийн энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын сурвалжлага багтсан байгаа. Засаг даргынх нь тодорхойлсончлон “сэхээтнүүдийн өлгий нутаг”-ийн түүхт ой ямархан цар хүрээтэйг болсныг та бүхэн “Аяны богц” булангаас уншаарай.
Харин “Холбоод” булангийн зочноор Дорнод аймгийн 2014 оны шилдэг салбар “Баянтүмэнгийн хурд” МСУХ-ны төлөөлөл оролцсон. Монгол Улсын зургаан Алдарт уяач төрөн гарсан тус сумын хурдан хурц хүлгүүд  улс, бүс, “Их хурд”-ын дэвжээнээ хэрхэн наадаж байсныг мэдэхийг хүсвэл та хуудсаа бүү алгасаарай.
Сэтгүүлийн уламжлалт булангуудын нэг “Хийморилог зочин”-д Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт Цэрэндоржийн Мөнххуяг уригдан оролцож,  бүсийн наадмуудад айрагдсан хурдан хүлгүүдийнхээ талаар хууч дэлгэсэн.
Түүнчлэн энэ удаагийн дугаарт Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Завхан,Булган зэрэг аймгуудын 2014 оны шилдгүүдийн тухай мэдээлэл багтсан байгаа.
"Тод магнай" сэтгүүлийн шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин, сэтгүүл борлуулах цэгээс, мөн редакцийн 94082992, 95092992 дугаарын утсанд холбогдож аваарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна